Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп хоёр Солонгосын хил дээр Ким Жон Унтай уулзах санал тавилаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Японы Осакад болж буй “Их 20”-ын чуулганд оролцож байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дараа нь Өмнөд Солонгост айлчлах төлөвлөгөөтэй байгаа.

Тэгвэл тэр өчигдөр твиттер хуудсандаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хоёр Солонгосын хил дээр уулзах боломжийн талаар мэдэгджээ.

“Хятадын дарга Ши Жиньпинтэй чухал уулзалт хийснийхээ дараа би Японоос явж, Өмнөд Солонгост айлчилна. Хэрвээ миний энд бичсэнийг Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун харвал би түүнтэй DMZ (цэрэггүй бүс)-д гар барьж, мэнд мэдэх хүсэлтэй байна” гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн байна.

Дональд Трамп маргааш буюу Ням гарагт Сөүл хотноо Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзах төлөвлөгөөтэй байгаа.

Тэд хамтдаа хоёр Солонгосыг зааглаж байдаг DMZ бүсэд зочлох магадлалтай байгаа юм.

Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаа 2017 онд Өмнөд Солонгост айлчлахдаа Трамп хоёр Солонгосын хил рүү нисдэг тэргээр аялсан ч манан будантай, үзэгдэх орчин муу байснаас замаасаа буцаж байжээ.

Хэрвээ энэ удаа саадгүй хилд хүрч чадвал тэр 1953 онд завсарласан Солонгосын дайнаас хойш DMZ бүсэд зочилсон АНУ-ын тав дахь ерөнхийлөгч болох юм.

Хамгийн сүүлд ерөнхийлөгч асан Барак Обама 2012 онд энд ирж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider