Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер компани АНУ-ын ерөнхийлөгчид зориулж шинэ журам гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Томоохон улс төрчдийн бичсэн зүйлс агуулгын бодлоготой нь харшилж байвал устгалгүйгээр тусгай тэмдэг тавьж, уншигчдад анхааруулах болсноо Твиттер компани өчигдөр зарлажээ.

Удирдагчдын сүлжээнд нь бичсэн зүйл хэчнээн зохисгүй агуулгатай байсан ч олон нийтийн эрх ашгийг бодолцон үлдээх нь зөв гэж үзсэн байна.

Гэхдээ зүгээр орхилгүй, дагагчдын дэлгэцэнд шууд харуулалгүй нууцалж, оронд нь анхааруулсан мэдэгдэл үзүүлэх юм. Дагагч хүсвэл нэг товч дарснаар нууцалсан бичвэрийг дэлгэж харах боломжтой.

Нэг талаас хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэх, нөгөө талаас бусдын эсрэг дайрч довтолсон, харааж зүхсэн агуулгыг хориглох зорилтоо Твиттер компани ийм аргаар тэнцвэртэй хэрэгжүүлж байгаа ажээ.

Шинэ журам гаргахад хүргэсэн гол хүн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэж олон хүн үзэж байна. Түүнийг 61.4 сая дагагчтай твиттер хуудсаа хамгийн идэвхтэй ашигладаг улс төрч гэхэд болно.

Трамп твиттер хуудсаараа бусад улс орны эсрэг дайн зарлана хэмээн сүрдүүлж, бусдын нэр төрд халдсан мэдэгдэл хийж, заримтай нь хэрүүл маргаан үүсгэдэг. 

Шинэ журам 100,000-аас дээш дагагчтай төрийн албан хаагчид, сонгуульд нэр дэвшигчдийн “Verified” буюу баталгаажсан твиттер хуудсанд л үйлчлэх юм байна.

 

Эх сурвалж: The Guardian