Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Завьт эргүүлүүд усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 он гарснаас хойш нийт 42 удаагийн усны осол гарч, 30 хүн амь насаа алджээ. Усанд осолдсон иргэдийн дөрөв нь хүүхэд, 26 нь том хүн байсан байна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.

Онцгой байдлын байгууллагаас голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор төв, орон нутгийн хэмжээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлжээ.

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голд хэсэгчлэн хөдөлгөөнт завьт эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Завьт эргүүл” арга хэмжээ ес дэх жилдээ Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл зохион байгуулагдаж байна.

Туул голын эрэг дагуу завьт эргүүл, шалгалтыг зохион байгуулж, гол усны осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэснээр усны ослын дуудлага болон усанд осолдсон иргэдийн тоо 30 гаруй хувиар буурсан эерэг үр дүн, үзүүлэлттэй байна.  
Фото
Сэрэмжлүүлэг

Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Заг, Байдраг, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см даван үерлэсэн, маргааш баруун, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-30-нд  зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа ажээ.

Иймд:

  • Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
  • Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,
  • Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, болгоомжтой зорчих,
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ