Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны хариуцдаг байгууллагууд асуудалд хэрхэн хандаж байгааг нягталж өгөөч, гуйя

Б.Итгэл, Өдрийн сонин
2019 оны 6 сарын 28
Өдрийн сонин
Зураг зураг

- Турк багш нар Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хандаж байна - 

Олон жилийн турш Монголд ажиллаж амьдарч ирсэн турк багш нарын хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй болчхоод байгаа билээ. Нутагт нь үүсээд байгаа ойлгомжгүй байдал тэднийг хүссэн үедээ төрсөн нутгаа зориод очих боломжгүй болгож, бас ажлаа дуусгаад төрөлх эх орноо биш харийн нутгийг сонгож амьдрахад хүргээд байгаа юм.

Сүүлийн үед хэвлэлээр бичигдээд байгаа найман багшийн хувьд Монголд оршин суух хугацаа нь дуусгавар болж байгаа. Тэдний паспортыг Улаанбаатар дахь Туркийн ЭСЯ-наас хүчингүй болгосноо мэдэгдсэнээр тэд оршин суух эрхээ сунгуулах боломжгүй нөгөө талаас бүр Монголоос ч гарах эрхгүй болчхоод байгаа билээ.

Оршин суух визний хугацаа дуусахаас өмнө Монголын хилээр гарахыг хүссэн ч тэднийг хүчингүй болгосон паспортаа янзлуул гэсэн шаардлагыг ГИХГ-аас тавьж байгаа. Үнэндээ хүчингүй болгочихсон хүмүүс нь тэгж хүссэнээр нь янзалж өгнө гэж үү. Ингээд хилээр гаргахгүй байж байгаад Монголд оршин суух хугацаа дуусмагц Турк руу албадан хүргэгдэх хувь заяа тэднийг хүлээж байна.

Тэнд асуудал хаашаа эргэхийг манай албан тушаалтнууд мэдэхгүй байж болох ч дэлхийн хэвлэл мэдээллийн хуудаснаас монголчууд хэдийн гадарлах болсон билээ. Хүний нутагт өөрсдийн эрхээрээ ч “зовж” чадахгүй байгаа тэдгээр багш нар бол Энэс Узун, Исхак Илык, Айхан Алтындаг, Хажи Өмэр Айлдыз, Мустафа Варол, Ялчын Сандал, гэр бүлийн хоёр Фатих Авшар, Мэриэм Авшар нар юм. Монголын боловсролын салбарт өөр өөрсдийн тус дэмийг оруулж ирсэн энэ хүмүүс одоо хаашаа хандахаа мэдэхгүй “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болчхоод байгаа билээ. Тэдэнтэй уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө та бүхэн өөрсдийгөө танилцуулахгүй юу. Монголд ирээд хэдэн жил болж байна, ямар чиглэлийн хичээл заадаг багш нар вэ?

Фатих Авшар: Би анх 2002 онд Монголд анх ирж байлаа. Эхлээд Дарханы Турк сургуульд багшилж, 2003 оноос Улаанбаатарын Турк сургуульд багшилж эхэлсэн. Анхнаасаа химийн хичээл зааж ирсэн. Дунд нь нутагтаа гурван жил ажиллахдаа Монголын хүүхэд залуусыг тэнд сурч боловсроход зөвлөж, гүүр болдог байгууллагад ажилласан.

Тэгээд 2015 онд буцаж ирээд сургуульдаа ажилласан. Ер нь амьдралынхаа 17 жилийг Монголын хүүхэд багачуудыг сургаж хүмүүжүүлэхийн төлөө, химийн шинжлэх ухаанд дурлаж, дэлхийн боловсролтой ойртуулах их зорилгын төлөө ажиллаж ирсэн дээ. Орон нутагт Дархан, Эрдэнэт, Баян-Өлгийн сургуулиудад ажиллаж байлаа. Анх хорь гаруйхан настай залуу Монголд ирж байсан бол одоо дөчин насыг давжээ.

Энэс Узун: Би бол 2007 оноос эхэлж Баян-Өлгий аймгийн Эмпати сургуульд багшилж эхэлсэн. Дарханы Эмпати сургуульд гэхэд долоон жил ажилласан. Ер нь Монголд амьдарч байх ихэнх хугацаандаа орон нутагт багшилж ирсэн хүн л дээ.

Сүүлийн дөрвөн жил Улаанбаатар хотын салбар сургуульдаа ажиллаж байна. Би математикийн багш. Кембриджийн хөтөлбөрийн математикийн хичээлийг заадаг, мөн фейсбүүк дээр Empathy math гэсэн нүүр хуудсыг ажиллуулж бас сурч мэдэх гэсэн хүүхдүүдэд хэрээрээ энэ хичээлийг ойлгуулж сургах гэж ирсэн жирийн нэгэн багш хүн.

Анх сургуулийнхаа сурагчдад зориулж нээж байсан бол орон нутаг, хот суурин газрын сургуулиудын багш нар, хүүхдүүд хандаж их зүйл асуудаг болсон. Математикийн хичээлийг сонирхолтой аргаар таниулж, хөгжилтэй энгийнээр тайлбарладаг болохоор тэр үү хүмүүс их ханддаг. Би ч гэсэн боломжоороо тэдний сурах арга барил, асуусан зүйлст нь нээлттэй тусалсаар ирсэн.

Исхак Илык: Би бол англи хэлний багш. 2012 оноос эхлэн Улаанбаатар, Баян-Өлгийн сургуулиудад ажиллаж ирсэн.

Айхан Алтындаг: 2014 оноос Эмпати сургуульд ажиллаж байгаа. Компьютерийн багш мэргэжилтэй.

-Та бүхэнд өнөөдөр яг ямар асуудал тулгараад байна вэ?

Хажи Өмэр Аййлдыз: Би бол Монгол Улсад хууль ёсны дагуу ажил эрхэлж, түмний олон хүүхдэд хичээл зааж яваа энгийн нэг багш хүн. Бидний найман хүний паспортыг Турк улсаас хүчингүй болгосон гэх нот бичиг Монголын ГХЯ-нд өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд ирсэн юм билээ. Үүний дагуу биднийг хилээр гаргахыг хориглочхоод байна.

Одоо бидний оршин суух хугацаа долоодугаар сарын 1-нээр дуусгавар болж байгаа бөгөөд гараад явья гэхээр гаргахгүй эргээд хугацаа дууссан гээд Турк улс руу албадан хүлээлгэн өгөх аюултай нөхцөл байдал бидэнд тулгараад байна.

Уг нь Монгол Улс 2000 онд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д нэгдэн орсон орон. Энэ конвенцийн гуравдугаар зүйлд “Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй” гэж заасан байдаг. Энэ конвенцэд нэгдэн орсон Монгол Улс өнөөдөр ямар алхам хийх бол гэж бид зовнин хүлээн сууж байна.

-Яагаад та бүхэн өөрсдийгөө нутагтаа хүргэгдвэл аюултай байдалд орно гэж үзээд байгаа юм бэ. Та бүхний эх орон шүү дээ...

Мустафа Варол: Мэдээж, эх орон шиг сайхан газар хаана байх билээ. Үүнийг хэн ч хэлнэ. Харамсалтай нь өнөөдөр бид эх орондоо очвол бидний амь нас, эрх чөлөө эрсдэлд орчхоод байгаа юм. Одоогоос гурван жилийн өмнө болсон гэгдэх төрийн эрхийг булааж авах гэсэн оролдлого гэдгийн дараагаас бүх зүйл өөрчлөгдсөн. Үнэхээр ийм зүйл болсон уу үгүй юу гэдгийг хэн ч мэдэхгүй.

Харин болж өнгөрч байгаа үйл явдлаас харахад болоогүй юм байна, үзэл санаа өөр хүмүүсээ нухчин дарах гэсэн арга хэрэгсэл байж гэж бодогдох болсон. Бид бол тэр үйл явдлын талаар мэдээ ч үгүй, сонсоо ч үгүй талын Монголд хичээлээ заагаад сууж байсан багш хүмүүс. Гэхдээ энэ хэрэг явдлын дараагаас Туркийн маш олон боловсролтой сэхээтэн хүмүүс үйл олноороо баригдаж, компаниуд өмчөө хураалгаж, шоронд хатаж, эрүүдэн шүүгдэж асуудалд орсон.

Тэр ч байтугай гаднын улс орнуудаас багш нарыг баривчилж, хулгайлж авчрах үйл явдал ч ар араасаа өрнөсөн. Энэ бүхнийг дэлхий даяараа бичиж, нийтэлж байгаа учраас олныг ярих нь илүүц байх. Одоогоос хоёр жилийн өмнө Малайзад 13 жил ажиллаж амьдарсан Измет Өзжелик, Тургая Караман гэх багш нарыг Малайзын тал Туркт хүлээлгэн өгч, тэдгээр багш нар НҮБ-ын Хүний эрхийн хороонд гомдол гаргасныг хэлэлцээд энэ оны тавдугаар сарын 28-нд шийдвэр гаргасан байдаг.

НҮБ-аас гадаадад ажиллаж байгаа багш нарыг баривчлах нь буруу гээд 180 хоногийн дотор хоёр багшийг суллах, нөхөн төлбөр өгөх энэхүү шийдвэрийг биелүүлэхийг даалгасан. Одоогоор энэ даалгаварт хариу үйлдэл хийгээгүй л байна. Гэхдээ НҮБ-ын Хүний эрхийн хорооны шийдвэр бол Олон улсын шүүхийн шийдвэр л гэсэн үг.

Онц байдал нэрийн доор олон хүнийг хэлмэгдүүлэн хорьж, эрүүдэн шүүж байгааг гаднын байгууллагууд бүгд шүүмжилж байгаа. НҮБ, Европын холбооноос эхлүүлээд бүгд шүүмжилж байгааг дахин дахин хэлмээр байна.

-Олон турк багш нар ажилладаг байсан. Тэд буцаад зөвхөн та хэд үлдчихээд байгаа юм уу?

Ялчын Сандал: Өнгөрсөн долоодугаар сард Вэйсел Акчай багшийг хулгайлах гэж оролдсоны дараагаас бид Монгол орныг орхиж явах ёстой юм байна гэж ойлгосон. Үнэхээр Эрдоган ерөнхийлөгчийн гар урт юм байна, энд ч бидэнд баталгаа алга гээд олон турк хүн эндээс явсан.
Уг нь Монгол Улс ардчиллын том баталгаа улс ч үнэндээ айхаас аргагүй болж эхэлсэн. Мөн түүнээс өмнө турк багш нарын Монголыг орхих болсон шалтгаан нь гадаад паспортын хугацаа нь дуусаж эхэлсэн байдаг.

Уг нь амьдран суугаа орныхоо өөрийн ЭСЯ-дад хандаж паспортаа сунгуулах ёстой ч манай яамныхан бидэнд сунгаж өгөхөө байсан. Арга ядахдаа өөр улс орнуудад очиж паспортаа сунгуулахаар арга сүвэгчлэх болсон.

Монголд багшилж байсан Есуф Эрдухан гэдэг багш энд бүтэхгүй болохоор Герман руу очиж сунгуулах гэж үзсэн байдаг юм. Гэхдээ бас айдастай паспортаа гараасаа салгахгүй байхад нь “Сунгаад өгнө өө” гэж хүүхэд хуурч байгаа юм шиг хэлээд өөрсөд дээрээ авангуутаа сунгах боломжгүй гээд паспортыг нь хураагаад авчих жишээтэй. Хамаг юм нь энд явсан хүн паспортгүй болоод тэндээ үлдэхээс аргагүй болж байсан.

Тухайн үедээ Есуф багшийг өрөвдөж байсан ч хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг Герман оронд үлдсэн нь азтай. Барууны орнууд манай эх оронд юу болж байгааг ойлгож байгаа учраас паспорт нь хүчингүй болсон ч, бүр үзүүлэх паспорт байхгүй байсан ч оршин суух эрхийг нь өгдөг.
Харин өнөөдөр бидний хувьд паспортыг сунгаж өгдөггүй яам маань бүр хүчингүй болгочихлоо. Ингэснээр биднийг Монголын тал хилээр гаргадаггүй. Хүчээр Турк руу албадаж хүргэхгүй өөр улс орнууд руу явъя гэж хүсэвч биднийг явуулахгүй байна. Одоо хэдхэн хоноод таны виз дууссан, манай хуулийг зөрчиж байна гээд бид нарыг албадан гаргах байх даа.

Энэс Узун: Уг нь бид төрсөн нутгаасаа дутахгүй ээнэгшсэн, хамаг залуу насаа үлдээсэн энэ сайхан Монгол орноосоо гэмт хэрэгтэн шиг гармааргүй байна. Энд бид гэр бүлээ зохиож, үр хүүхдээ өлгийдөн авч, шавь нарынхаа амжилтыг хамтдаа тэмдэглэсэн ээлтэй газар минь билээ.
Гэвч өнөөдрийн эрх баригчдын энэ байдал биднийг Монгол улсаас хөөгдөж, тэр тусмаа шорон, тамлал зодуур ер нь юу хүлээж байгааг мэдэхгүй эх орон руу минь хүчээр явахад хүргэж байна.

Айхан Алтындаг: Монгол хүмүүс үнэхээр азтай. Өнөөдөр эдийн засаг амаргүй байгаа талаар хүмүүс ярих ч дайн дажин, мөргөлдөөн, хэлмэгдүүлэлтгүй байна гэдэг хамгийн сайхан шүү. Би монгол хүний эр зориг, эрх чөлөөнд дуртай занд үнэхээр дуртай.

Монгол бол ардчилсан орон гэдгийг өнгөрсөн жилийн үйл явдал үнэхээр харуулсан гэж боддог. Вэйсэл багшийг хулгайлаад авч явах гээд тусгай үүргийн онгоц ирчхээд байхад Монголын ардчилал эрх чөлөөг эрхэмлэдэг олон түмэн үнэхээр аваад үлдсэн шүү.
Сошиалаар яаж давалгаалж, яаж үнэний төлөө зүтгэсэн билээ. Түүн шигээ өнөөдрийн энэ цагийн буданд бүдчиж яваа бидний хэдэн багшийн төлөө үгээ хэлж, туслаасай гэж хүсэж байна. Тухайн үед Вэйсэл багшийг авч явж чадаагүй болохоор одоо биднийг ямар нэг аргаар хүчээр буцаахыг оролдож байх шиг.

-Нэг асуулт асуухгүй байж боломгүй байна аа. Саяхан Туркийн элчин сайд Ахмет Язел хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Вэйсел багшийг террорист бүлэглэлийн гишүүн гээд та нарыг бүх дэлхийг исламжуулах зорилготой гэсэн байсан л даа. Үүнд тайлбар хэлэхгүй юу?

Энэс Узун: Харамсалтай нь нэг хэсэг Эмпати сургуулиудыг террорист бүлэглэлийнхэн, хүүхдүүдийг бэлтгэж байна гэж мэдээлэл өгдөг байсан. Энэ худал мэдээлэл нь газар аваагүй. Монголчууд төрөлхийн сийрэг ухаантай, юмны цаад наадыг таньдаг үндэстэн. Энэ сургуулиудад суралцдаг хүүхдүүд байгалийн шинжлэх ухаандаа сайн, гаднын томоохон сургуулиудаас тэтгэлэг авдаг, хэл ус сайтай хүүхдүүд болж төлөвшиж байгааг харснаас өөр зүйл байхгүйг ялгаж салгадаг учраас худал мэдээлэл нь явж чадаагүй.

Сүүлд Элчин сайд мэдээлэл өгөхдөө сурагчдын тархийг угааж гишүүнээ болгодог гэсэн байна лээ. Хаана байна тэр гишүүд. Яадаг ямар байгууллагын гишүүд вэ. Мөн дэлхий дахинд Исламын дэглэмийг тогтоох зорилготой гэсэн байна лээ. Монгол зэрэг шашин өөр улс орнуудад Исламын дэглэмийг тогтоох гэж байна гэсэн айдас хүйдэс төрүүлж ярьж, харин лалын шашинт орнуудад Америкжуулах гэж байна гэж ярьдаг л даа.

Үнэндээ өнгөрсөн хугацаанд Туркт 1100 гаруй сургуулийг хааж, оронд нь лалын шашны сургуулиуд болгосон байдаг шүү. Хуучны энгийн тэр сургуулиуд яаж өөрчлөгдсөнийг нь харах эгэл багшийн хувьд надад хүнд л санагддаг. Олон мянган гэмгүй хүн тэнд ардын дайсан болчхоод байна.
Их хэлмэгдүүлэлтийн түүхийг дайраад өнгөрсөн монголчууд өнөөдөр бидэнд тулгарсан зовлонг ойлгож байгаа байх аа. “Өдрийн сонин” шиг эрх баригчдаа шүүмжилдэг, манайдаа хамгийн том сониныг захиалдаг эсвэл уншдаг байсны төлөө хүмүүс ардын дайсан болж байгаа. Уг нь өдөрт сая хувь хэвлэгддэг, Туркийн иргэний тээврийн онгоцонд тараагддаг байсан түгээмэл хэвлэл шүү дээ. Цагаа тулахаар хүмүүс санаандгүй хэрэгтэн болж, ардын дайсан болж хувирдаг юм байна.

 

-Танай Элчин сайд та нарыг тусгай кодоор харьцдаг гэсэн байсан. Тийм ямар код байна вэ?

Фатих Авшар: Нээрээ яг ямар код байна вэ. Мэдэж байгаа хүн байна уу. Бидэнд ямар ч тийм код байхгүй. Би Монголд хорь шахам жил ажиллаж байна.

Монгол Улс өөрийн хууль цаазтай, тусгай хүчний байгууллага, ажилтнуудтай улс. Эх нутагт нь олон жил ажиллаж байгаа над мэтийн гадаадын хүмүүсийг бас шалгаж нягталдаг байлгүй дээ. Хэрэв кодоор харьцаад нууц ажиллагаа явуулдаг байсан бол мэдэх л байсан байх.
Үнэндээ гэр сургуулийн хооронд явдаг энгийн нэгэн багш гэдгийг хараад өдийг хүрсэн байх гэж бодож байна. Бид багш нар болохоос янз бүрийн ямар ч бүлэглэл мэдэхгүй улс.

-Манай төрийн байгууллагаас паспорт хүчингүй болгосон байгаа тул энэ зөрчлөө арилгуулаад гарахад хэзээд болно. Албан ёсоор хилийн хорио тогтоосон зүйл байхгүй гэж байгаа шүү дээ?

Мустафа Варол: Зүв зүгээр паспортыг хүчингүй болгосон хүмүүс очоод сэргээнэ гэсний зоргоор сэргээгээд өгнө гэж байхгүй шүү дээ. Үүнийг Монголын төрийн байгууллагууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа атлаа тийм хариу хэлж байгаа нь үнэндээ ядарсан биднийг тохуурхаж байгаа санагдсан.
Нөгөө монголчууд шарх дээр давс цацаад түүнийгээ үрнэ гэж дүрсэлдэг шүү дээ. Үнэндээ бидэнд тэгж л хандаж байгаа юм. Төр засгийн байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг авсан байж болно оо. Үүнийг ойлгож байна.

ГХИГ-ынхан хэд хэдээрээ тэнд очиж, цайлуулж дайлуулсан талаар бид дуулсан. Угаасаа сүүлийн үед манай улсын бодлого зарим улс орнуудад юу хэрэгтэй байна түүнд нь тусалж байгаа дүр үзүүлээд эргүүлээд бугуй барьж, хүмүүсийг хүлээлгэж өг, хулгайлахад тусал гэсэн зарчмаар явж байгааг дэлхийн хэвлэлүүдэд ч бичиж байгаа.

Гуллены хөдөлгөөн гээч байдаг гэж, түүндээ багш нар цаашлаад улс орондоо болохгүй байгааг хэлж бичиж байгаа сэтгүүлчдийг ч баривчилж маш том хэлмэгдүүлэлт миний эх оронд болж байна. Туркийн Дотоод хэргийн сайд өнгөрсөн арванхоёрдугаар сард Гуллены хөдөлгөөнтэй хамааралтай гээд 234,419 хүний гадаад паспортыг хүчингүй болгож байгаагаа мэдээлсэн байсан.

Гэхдээ аль нэг улсаас паспортыг хүчингүй болголоо гэхэд тухайн улсын хилээр гаргахгүй жишиг байдаггүй. Интерполоос эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн биш бол тэгж саатуулах учиргүй. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард сүйт бүсгүйтэйгээ гэрлэх гэж байсан юм. Сүйт бүсгүйтэйгээ гуравдагч оронд гэрлэхээр төлөвлөсөн байсан ч намайг гаргаагүй. Тэр маань хүлээсээр хоцорсон. Мөн манай Ялчын Сандал багш охиныхоо төгсөлтийнхөө баярт оролцохоор Киргиз рүү явах гэтэл биднийг саатуулаад чухам ямар учиртайг тайлбарлахгүй зөвхөн хүлээж байхыг шаардаад баахан хүлээлгэсэн.

Дараа нь харин паспортыг хүчингүй болгосон байгаа тул хилээр гаргах боломжгүй гэж мэдэгдсэн дээ. Одоо биднийг ямар хувь заяа хүлээж байгааг бусад багш нар маань хэлж байна.

Хажи Өмэр Аййлдыз: Манай улс бол тэр болгон улсад байхгүй Паспортын тухай хуультай улс. Тус хуулиар паспорт хүчингүй болгох эрх бүхий байгууллага нь зөвхөн Хууль зүй, Дотоод хэргийн яам байдаг, гэмт хэргийн нөхцөлд тодорхой журмын дагуу хэрэгждэг.
Тэгэхээр аль нэг улсад байгаа ЭСЯ ч хүчингүй болгочихдог асуудал биш болж байгаа биз. Магадгүй хүчин төгөлдөр бус бичиг баримтаар эндэх байгууллагууд ажиллаад байгаа биш юм биз. Үүнийг шалгах нь зөв болов уу. Монголын ГХЯ, ХЗДХЯ-наас биднийг хилээр гаргахгүй байх шалтгаан байхгүй гэсэн. Гэхдээ л бид гарч чадахгүй байна.

Үнэндээ Интерполоор л эрэн сурвалжлагдаж байгаагаас өөр тохиолдолд гаднын иргэнд хилийн хориг тавихгүй. Тиймээс бид Интерполд хандан бидний нэрс жагсаалтад нь байгаа эсэхийг тодорхой болгож өгнө үү гээд хүсэлт гаргачхаад хүлээж байна. Бас элчин маань бичиг баримтаа авч, нутагтаа очих бүрэн боломжтой гэсэн байна лээ. Үнэндээ паспортаа хүчингүй болгосон бид байтугай бидний хүүхэд л бол шинээр төрсөн иргэнд гэрчилгээ өгөхгүй маш удаан зовоосон шүү дээ. Манай энэ Исхак Илык охиндоо хоёр жил төрсний гэрчилгээ авч чадаагүй зовсон. Хуучин манай багш нар, элчингийнхэн бид нэг гэр бүл шиг их ойрхон явж ирсэн. Гэвч тэд нүүр буруулж, бидэнд ингэж хандах болсон.

-Хоёр жил ээ. Тэгээд хаанахын ч иргэн биш байсан гэж үү?

Исхак Илык: Тийм ээ. Эхнэр бид хоёр ганц охинтой. Би Монголд ажиллаж байгаад нутаг буцахдаа эхнэртэйгээ гэрлэсэн. Тэгээд эхнэрээ дагуулаад алсын Монголд ажиллана гээд аваад ирсэн. Эхний жилүүд амаргүй байсан.
Анхны хүүхэд маань бүтээгүй хэвлийдээ эндсэн ч бид энэ нутагт ажиллаж амьдарна гээд итгэл дүүрэн байсан. 2016 оны хэрэг явдлын дараагаас дэлхий даяар багш нарт маш хүнд болж ирсэн. Олон мянган хүн баригдаж, 700 орчим хүүхэд хүн нөхцөлд буюу шоронд төрж өсөх эрсдэл ч бий болсон.

Эхнэр бид хоёр удалгүй дахинд хүүхэдтэй болж, охин маань 2017 оны гуравдугаар сард төрсөн юм. Тэгээд шинэ хүндээ төрсний гэрчилгээ авахаар очиход манай элчингээс гэрчилгээ өгөөгүй. Харин нэг талын тийз аваад Турк руу очихыг шаардсан.

Харин надад сонин санагдсан тул яваагүй. Ингээд охин маань бичиг баримтгүй нэгэн болсон. Нэг удаа охин маань айхавтар өвдөхөд Баян-Өлгийгөөс аваад хотод ирсэн. Бичиг баримтгүй эмчид үзүүлж чадахгүй, нэг найз маань хүүгийнхээ төрсний гэрчилгээг өгч, охиноо хүү шиг хувцаслаад эмнэлэгт үзүүлж тусламж авч байлаа шүү дээ.
Ийм амаргүй үеийг туулсан. Хоёр нас хүрч байгаа охин маань хаанахын ч иргэн биш, бичиг баримт ч үгүй байсан. Саяхан Туркт өмгөөлөгч авч, тэр хүн хөөцөлдөж байгаад охиноо нэг регистрийн дугаартай болгосон. Би 2015 оноос хойш Монголоос гарч яваагүй. Одоо гарна гэхээр ингээд гаргахгүй байна.

Ер нь бидний багш нарын хэн ч 2015 оноос хойш Туркт очоогүй. Тэр 2016 оны бослого хөдөлгөөний талаар ямар ч ойлголтгүй хүмүүс. Хэрэв хүчээр буцаагдвал ямар ч гэмт хэрэг хийгээгүй байж би ялтан болж шоронд сууна.

Би дэлхийн өнцөг буланд ажиллаж амьдарч байгаа найз нарыгаа хийгээгүй хэргийнхээ төлөө гэмтэн болж байхыг харж байсан. Би ийм хувь тавиланг туулмааргүй байна.

Дөнгөж амьдралаа эхлүүлж байгаа эхнэрээ, саяхныг хүртэл эх орон нь хүлээн зөвшөөрч бичиг баримт ч олгохгүй байсан жаахан охиноо цаашид яахыг нь мэдэгдэхгүй энэ хорвоо дэлхийд үлдээгээд явмааргүй байна. Өнөөдөр охин маань гадаад паспорт байхгүй. Хилээр гарч чадахгүй, бид хүчээр явах боллоо гэхэд бидний охин яах билээ. Үнэхээр яахаа мэдэхгүй байна. Монголын ард түмэн минь туслаач.

Фатих Авшар: Өнөөдөр эхнэр бид хоёрын нэрс хоёулаа энэ жагсаалтад багтсан. Өнөөдөр бид хоёрыг албадан гаргах юм бол бидний хоёр хүүхдийг хэн харж өсгөх юм. Хүний нутагт хоёр жаахан хүүхэд маань яах юм. Үүнийг би асуумаар байна.

Эсвэл ГИХГ-ын дарга Д.Мөрөн дарга эсвэл Туркт ажиллаж амьдардаг түүний хүү нь асарч өгөх юм уу. Эцсийн мөч хүртэл би энэ хүний аяыг харж, тэр хүний царайг дагалдаж хүлцэнгүй хүлээж ирлээ. Одоо үнэхээр арга барагдаж байна. Би бол амьдрал хайж, хүний нутагт ажил хийхээр ирсэн нэгэн. Гэхдээ олон аав, ээжийн хүүхдэд ном зааж, буянтай ажил хийдэг гэж бахархаж ирсэн.

Монголд ч гэсэн харийн нутагт амьдрал хайж яваа олон залуус байгаа. Эх нутгаасаа, ээж ааваасаа хол, визний асуудалтай гээд амаргүй яваа нь ч бий байх. Гэхдээ тэд аргаа барахад нутгаа гээд гүйгээд ирэх, монгол адуу шигээ гүйгээд ирэх азтай улс юм.

Харин би гараад ч явж чадахгүй, нутагтаа ч очиж чадахгүй зовлон тээгээд явж байна. Хамгийн гол нь хүчтэний өмнө хүчгүйдээд хүчээр тэнд хүргэгдвэл яах вэ. Ядаж эхнэр маань үлдэж байвал хоёр хүүхдээ сайн хүн болгоорой гээд үнсээд явах сан. Гэтэл хоёул хоёулаа яваад өгөхөөр хүүхдүүд маань яах вэ гэж бодохоор үнэхээр амь тэмцдэг юм байна.

Хүн өөрт ирэх зовлонг даваад гарах ч үр хүүхдүүдийнхээ төлөө юуг ч хийхээс буцдаггүй амьтан юм байна. Өнөөдөр миний нутаг дажинтай амаргүй, турк хүмүүс сэтгэлийн зовлонтой байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй байгаасай, зовлон биднээр дуусаасай гэж л хүсэж байна даа.

Би Монголд олон жил амьдарсан болохоор монголчуудын хүнд тусламтгай, бусдын зовлонг хуваалцаж чаддаг чанаруудыг сайн мэднэ. Ямар ч хүн олон жил амьдарсан улс орон, үндэстэнтэйгээ адил болдог.

Би ч бас Монголынхоо сэвэлзсэн салхинд дуртай, эрс тэс уур амьсгалыг хэрээрээ давж чаддаг монголжсон турк хүн болсон. Энэ улс орон, энэ ард түмэн биднийг юу хүлээж байгааг мэдсээр байж албадаад гаргачихгүй байх л гэж найдаж сууна. Түүнээс биш хүүхдүүдээ бодохоор үнэндээ яахаа мэдэхгүй байна. Би Монголын төрийн тэргүүн, гүйцэтгэх засаглалын тэргүүн, хууль тогтоох байгууллагын тэргүүн нарт хандаж бидний асуудлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Эр зоригтой, шударга эрчүүд минь, хүний ёсоор бидний асуудалд анхаарлаа багахан боловч тавиач. Гуйж байна. Төрийн их ажлын дэргэд бидний хэрэг өчүүхэн мэт боловч та бүгдийн хариуцдаг төр засгийн байгууллагын оролцоотой бид хаашаа ч үгүй гацчихаад байна. Монголчууд “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэж ярьдаг улс.

Бид үнэхээр гацчихаад байна. Гарч болдоггүй, хөдөлж болдоггүй. Хөдлөх ганц газар нь шорон, эрүүдэн шүүлт. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ, та бидэнд хариу өгөөч. Таны хариуцдаг яам, агентлагийн оролцоотой бид гарч чадахгүй байгаа учраас танаас тухайлан хүсэж байна.

Мэриэм Авшар: Монгол Улс бол бидний хоёр дахь эх орон минь билээ. Яагаад ч энэ жагсаалтад нэг гэр бүлийн хоёр хүнийг багтаасан юм, аль нэг нь үлдэхгүй гэхээр бидний хүүхдүүд яах ёстойг үнэхээр мэдэхгүй байна. Би багш биш энгийн ээж л хүн.
Одоо өглөө бүрийг би түгшүүртэй сэрж байна. Энэ урт өдрийг яаж давна даа гэж. Тэгснээ гэнэт хилээр гарахыг зөвшөөрөх ч юм болов уу гээд бүх юмаа бэлдэж хононо. Дахиад хүүхдүүдтэйгээ уулзахгүй бол яана гэж бодохоос унтаж байгааг нь, инээж тоглож байгааг нь тархиндаа хадгалж авахыг хичээж сууна.

Маш олон хүүхдүүд ээж, аавтайгаа хоригдож байгаа мэдээллийг бид авсан. Тэнд ээж, аавыг нь хэрэг хүлээлгэхийн тулд хүүхдүүдийг нь нүдэн дээр нь хүчирхийлж тамласан хэрэг гарсан нь Хүний эрхийн тайлан мэдээнд бичигдсэн байгааг монголчууд харсан байх аа. Тиймээс эцсийн мөчид арга ядаад биднийг албадан явууллаа гэхэд би төрөлх нутаг руугаа хүүхдүүдээ дагуулж явахгүй, идээшиж дассан Монгол оронд үлдээхийг хүсэж байна.

Энэ хүүхдүүд Монголд төрсөн, Монголд ээнэгшсэн. Хэзээ нэгэн цагт миний эх оронд шударга ёс ялж, тайван амгалан цаг ирж л таарна. Үүнд би эргэлздэггүй. Тэр үед амьд байвал эргэж ирээд хүүхдүүдээ авна даа. Эх хүнд эцсийн мөчид юу ч бодогддоггүй юм байна, үр хүүхдүүдээс нь өөр. Энэ найман хүн тэдний гэр бүлийнхэн сэтгэлийн гүн шаналантай байгаа. Энэс багшийн гэргий гэхэд сэтгэл санааны дарамтаас болж үр зулбасан.

Хагалгаанд орсон. Одоо ч хөл хүнд бүсгүйчүүд бидний дунд байна. Дахиад тэд маань үрсээ алдах вий. Бүгд л өвдөж, шаналж байна. Энэ шаналан яахав. Үр дүн яаж гарах бол гэдэг л аймаар байна. Бид залбирч найдахаас өөрийг хийж чадахгүй байна.

-Дэлхийн бусад орнуудад баривчлагдсан турк багш нар эхнээсээ НҮБ-д хандаж, тэндээс багш нарын эрхийг хамгаалах талаар НҮБ-ын Хүний эрхийн хорооноос шийдвэр гаргаад эхэллээ. Та бүхэн ч бас НҮБ-д хандсан гэсэн үү. Ямар хариу авсан бэ?

Айхан Алтындаг: НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх дээд комиссарын газраас бидний найман багш болон гэр бүлийн бүх гишүүдэд нь орогнол хүсэгч болохыг баталж гэрчилгээ олгосон. Энэ гэрчилгээг хүссэн хүн бүрт олгоод байдаггүй, нарийн шалгуурыг хангасан, үнэхээр эрсдэлтэй байгаа эсэхийг харгалзаж олгодог гэдгийг хүмүүс мэдэж байгаа байх.

Туркуудын хувьд асуудал үнэхээр хэцүү байгааг НҮБ мэдэж байгаа учраас бидэнд хүн тус бүрт гэр бүлийн гишүүдийн нь хамт орогнол хүсэгчийн гэрчилгээ гаргаж өгсөнд бид маш талархаж байгаа.

Өнөөдөр улс оронд маань амаргүй байгаа ч үнэнийг ойлгож байгаа дэлхийн тэргүүлэгч байгууллага, улс үндэстэн байгаад баярлаж байна. Энэ гэрчилгээнд орогнол хүсэгчийн хувьд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх дээд комиссарын ивээл анхааралд байгаа гэдгийг онцлоод тэдний амь нас, эрх чөлөөнд аюул занал учирч болзошгүй аливаа улсад хүчээр албадан явуулахаас хамгаална гэж дурдсан байгаа.

Өөрөөр хэлбэл дээр Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд нэгдэн орсон улсын хувьд үүргээ биелүүлэх шаардлагатай болно. Түүнээс гадна бид энэхүү асуудлаар Монголын Захиргааны хэргийн шүүхэд хандаж, ГИХГ-ыг хариуцагчаар татсан, цаашид ч дараа дараагийн шатны, олон улсын шүүх хяналтын байгууллагуудад хандах болно.

-Тэгвэл та бүхэн визний хугацаа дууслаа гэхэд албадан гаргахаас айлтгүй юм биш үү. НҮБ-аас үүнийг анхааруулсан байна шүү дээ.

Исхак Илык: НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол Улс энэ бүхнийг анзаарч харж хүндэтгэлтэй хандана гэдэгт бид найдаж байна. Гол нь монголчуудын чин сэтгэлд бид итгэж байгаа гэдгээ илэрхийлмээр байна.

Хажи Өмэр Аййлдыз: Монгол бол ардчиллын бэлгэ тэмдэг болсон орон. Өнөөдөр миний эх орон ороо бусгаа байна. Удахгүй бүх зүйл өөрчлөгдөж нар мандана аа гэдэгт би итгэдэг. Гэхдээ өнөөдрийн манай эрх баригчдын шахалт, дипломат харилцаа, хандив тусламж нэрийн дор үзүүлж байгаа энэ бүхэн нь ардчилсан Монгол улсын нэр хүндэд толбо суулгасан явдал болчих вий гэж санаа зовдог. Өнөөдөр хамтын ажиллагааныхаа хүрээнд гээд Туркийн эрх баригчдын хүсэлтийг биелүүлээд эргээд олон улсын тавцанд нэр хүндээ алдчихаад байгаа Молдав, Косово, Малайзыг бид харж байна.

Монгол, турк үндэстнүүд нэгэн цагт нэгэн тугийн дор Түрэгийн их гүрнийг тулж, түүх нь соёл нь нэг байсан улс. Ийм эртний түүхтэй, харилцаатай улсыг манай эрх баригчид хамтын ажиллагаа нэрийн дор нэрийг нь сэвтүүлж, улс төрийнхөө тоглоомын хөлөг шиг ашиглачих вий гэдэгт санаа зовж байна. Гэхдээ Монгол улс олон улсын өмнө эвгүй байдалд орох алхмыг хийхгүй биз ээ.

-Нэгэнт НҮБ-аас хамгаалалтад авснаа зарласан байхад манай улсаас албадан гаргах асуудал байхгүй байлгүй дээ. Та бүхэн хүссэн орон руугаа тавтай зорчих болтугай, эрүүл энх амар тайван амьдралыг хүсье.

-Баярлалаа. Бид найдаад л сууж байна. Монголын төр засаг, монголчуудын саруул ухаанд итгэж байна даа.

Зураг