Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Италид нурсан гүүрний үлдэгдлийг буулгах гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны наймдугаар сарын 14-ний өдөр Италийн Женова хотын Моранди гүүрний 200 метр хэсэг нурснаас замаар автомашинтай зорчиж байсан 43 хүн амиа алдсан билээ.

Ийм томоохон гүүрнүүд хамгийн багадаа 100 жил ашиглагдах баталгаатай байдаг бол 1967 онд Рикардо Морандигийн зураг төслөөр баригдсан гүүр нурсан нь Италийн дэд бүтцийн байгууламжуудын чанарын асуудлыг хөндөж, нийгэмд маргаан шүүмж дэгдээж байв.

Энэхүү гүүрний үлдэгдэл хэсгийг нурааж, оронд нь шинэ гүүр байгуулах шийдвэрийг Ромын эрх баригчид гаргаад байгаа. Арванхоёрдугаар сард Италийн нэртэй архитектор Ренцо Пиано шинэ гүүрний зураг төслийг гаргахыг зөвшөөрсөн бөгөөд Европын хамгийн өндөр өртөгтэй гүүр болох төлөвтэй байгаа.

Тэгвэл өнөөдөр буюу Баасан гарагт хуучин гүүрний үлдэгдэл хэсгийг буулгах ажлыг гүйцэтгэхээр болжээ. Гүүрний хоёр баганыг тэсэлснээр нийт 4,500 тонн жинтэй бетон, ган байгууламж нурах юм.

Тэсэлгээнээс өмнө Женова хотын 3,400 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Тоос шороо тархахаас хамгаалах зорилгоор ус шүршигч олон арван машинуудыг гүүрний орчим байрлуулсан байна. Тэдгээр машинууд тэсэлгээний үеэр 50 метр өндөр усан хөшиг үүсгэх юм.

Гүүрний орчмын 300 метр радиус дотрох бүх замуудыг хаажээ.

Гүүр нураах ажиллагааг Италийн Rai News телевизийн суваг шууд дамжуулж, засгийн газрын шадар сайд Маттео Салвини өөрийн биеэр Женовад очиж, ажиглахаар болсон байна.

Ажиллагаа дууссаны дараа Баасан гарагийн орой нүүлгэсэн иргэдийг гэрт нь буцаахаар төлөвлөжээ. 1.2 км урттай, жилд 25 сая автомашин дамжин өнгөрдөг Морандигийн гүүр нь Умард Италийг Францтай холбодог гол зам байсан юм.

 

Эх сурвалж: BBC