Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Aнгела Меркель хоёр дахь удаагаа олны өмнө салгалан чичрэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Долоо хоног орчмын өмнө Германы канцлерь Ангела Меркель Украины ерөнхийлөгчийг Берлин хотод хүлээж авах ёслолын үеэр салгалан чичирч байгаа нь хэвлэлүүдийн дуранд үлдсэн юм.

Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт энэ үзэгдэл дахин давтагджээ.

Германы хууль зүйн шинэ сайд Кристин Ламбрехтын тангараг өргөх ёслолын үеэр тэр ерөнхийлөгч Франк Уолтер Штайнмайерын хажууд зогсож байхдаа хоёр минутын турш салгалан чичирсэн байна.

Меркель биеэ хянахыг хичээн гараа эвхэж зогссон ч үр дүнд хүрээгүй юм. Энэ үеэр түүнд аягатай ус өгөхөд авахаас татгалзсан байна.

Өмнөх тохиолдлын дараа Меркель сэтгүүлчдэд тайлбарлахдаа халуун өдөр ус дутагдсанаас бие нь тавгүйтсэн, хэдэн аяга ус уусны дараа сайжирсан гэж ярьжээ.

Харин өчигдөр Меркелийн хэвлэлийн төлөөлөгч канцлерийн биеийн байдал хэвийн байгаа, Японд болох “Их 20”-ын чуулганд оролцох төлөвлөгөө хэвээр байгааг мэдээлсэн юм.

Одоо 64 настай Меркель сүүлийн 14 жилийн турш Германыг удирдахдаа ганц ч удаа эрүүл мэндийн асуудалтай тулгарч байгаагүй.

2014 онд тэр цанаар гулгаж байгаад ууцаа гэмтээсний улмаас олон улсын цөөн хэдэн арга хэмжээнд оролцолгүй алгасаж байв.

2011 онд өвдгөндөө мэс засал хийлгэсний дараа хэсэг хугацаанд таяг тулж байсан удаатай. Дээрх тохиолдлуудаас бусад үед Меркель ганц ч удаа өвчнөөс шалтгаалан ажлаа тасалдуулж байгаагүй гэдэг.

 

Эх сурвалж: Business Insider