Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт "F" үнэлгээ өгөхийн учир

Х.Алтаннаран, Үндэсний шуудан
2019 оны 6 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, 2018.07.25

Нийслэл хотын иргэн та хотын бүтээн байгуулалт, тохижилтод хэр сэтгэл хангалуун явдаг вэ. Энэхүү асуултыг өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд 50 орчим хүнээс асууж, санал солилцож үзлээ. Харамсалтай нь, сэтгэл хангалуун байгаа хүн тун цөөхөн байна.

Арга ч үгүй биз. Гэрээсээ гараад харахад өнөөх л байдаг төрх дүр. Магадгүй хэдэн жилийн өмнөхөөс дордсон ч юм шиг. Улсын маань нийслэл болсон Улаанбаатар хот сааралтаад нэг л өнгө муутай. Бороо орсны дараа байгаль дэлхий сэргэдэг жамаараа нэг өнгө орж байгаа юм. Бусад тохиолдол шороо тоосонд дарагдсан дүр төрхтэй.

Тохижилтын ажлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хийх ёстой. Хот хэр гоё харагдаж байгаагаас захирагчийн ажлын албаныхны, тус албыг толгойлж буй хотын ерөнхий менежер Т.Гантөмөр даргын ажлын үзүүлэлт харагдана.

Яг өнөөдрийн хувьд “F” үнэлгээ өгчихмөөр дүр зурагтай байгааг нуух юун. Тохижилт гэхээр сүйдтэй зүйл бараг хийсэнгүй.

Хийсэн нь цаг зуурынх буюу нас богинотой. 2017 онд 33.3, 2018 онд 40.1, 2019 онд 45.1 тэрбум төгрөгийг зөвхөн хот тохижилтод төсөвлөсөн байна. Үндсэндээ гурван жилийн хугацаанд 110 гаруй тэрбум төгрөгийг тохижилтын ажилд зарцуулав. Гэвч ийм хэмжээний хөрөнгөөр хийсэн тохижилтоос өнөөдөр нийслэл хотод юу үлдэв.

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Нийслэлийн хэмжээнд авто замын гэрэлтүүлэг муу, зарим гэр хорооллынх алданги, ононги асдаг талаар бид таван сарын өмнө асуудал хөндсөн сурвалжилга бэлтгэж байлаа. Яг энэ сурвалжилгын дараа хотын захирагчийн ажлын албаныхан албан ёсны тайлбар ярилцлага өгч байсан. Ингэхдээ хотын гэрэлтүүлгийг бүхэлд нь хянаж байгаагаа хэлсэн нь бий.

Алсын удирдлагаар асааж, унтрааж, унтарсан гэрлүүдийг албаныхан өрөөнөөсөө хянах боломжтой хэмээн хэлж байлаа. Дээр үед гэрэлтүүлэг сайжирсныг онцлон дурдсан. Гэтэл үүнээс хойш таван cap хугацаа өнгөрөхөд хотын гэрэлтүүлэг эргээд иргэдийн санал гомдлын нэг сэдэв болжээ. Өнгөрсөн даваа гарагт л гэхэд оройн 22:30 цаг өнгөрч байхад Гурванжингийн гүүр, 21 дүгээр хороолол, Хархорин, ТЭЦ-3 орчим, Үйлдвэр комбинат, Гэмтлийн эмнэлэг, Таван шар гэх мэт нэлээд хэдэн газрын гэрэлтүүлэггүй өнжлөө.

Гэрэлтүүлэггүй, дээрээс нь бороо орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал болж жолооч нар хөдөлгөөнд оролцоход ямар бэрхшээлтэй тулгарч байгааг хоёр нүдээрээ харлаа.Манай улсын хувьд замын гэрэлтүүлэгт стандарт гэж огт алга.

Зам, талбайн нөхцөл байдлаас хамаарч гэрэлтүүлгийн асалт 10-15 лк байх ёстой гэнэ. Гэтэл Улаанбаатар дахь гэрэлтүүлгүүд 4-6 лк байна. Бороо орж, бага зэргийн манан буухад л тухайн хэсгийн үзэгдэх орчин хязгаарлагдахаар. Аравдугаар хорооллоос Таван шар хүртэлх авто зам үүнтэй ижил.

Олон улсад авто замын гэрэлтүүлгийн стандарт бий. Гол, туслах гээд тухайн авто замын онцлог, орчны нөхцөлөөс нь хамаараад тавих стандарт нь ондоо байдаг аж. Мөн шонгийн өндөр, толгойнх нь налуу ч чухал үүрэгтэй гэнэ. Тэр бүгдийг стандартад тусгаж, түүнийх нь дагуу хийх шаардлага тавьдаг ажээ.

Тулгуур шон нь өндөрсөхийн хэрээр гэрэлтүүлгийн толгойн хазайлтыг тэгш хэмд байлгаж, ойлгогч тэмдэглэгээ байрлуулах ёстой аж. Харин манай замын гэрэлтүүлгүүд нэгдүгээр эгнээгээ чадан ядан гэрэлтүүлж байна. Хоёр, гуравдугаар эгнээний тухай бол яриад ч хэрэггүй.

ХАШАА, ХАЙС

Иргэдийг өнгөрсөн хэдэн өдрүүдэд бухимдуулсан хашаа, хайсны асуудал байна. Гол бухимдсан асуудал нь үнэ өртөг, чанар. 760 сая гаруй төгрөгөөр урд хөршөөс импортолсон энэ тусгаарлах хайстай холбоотойгоор цахим орчинд нэлээдгүй шүүмжлэл явж буй. Ийм үнэтэй хашаа нь ердөө ганцхан шөнийн дотор унасан. Дараа нь үүнийгээ холбогдох албаныхан “бэхлээгүй байсан” гэж тайлбарлаж байлаа.

Бэхлээгүй хашаа нь хэд хэдэн хүний машины сэвтээсэн. Уг хашаа 88-600 юанийн үнэтэй байдаг. Ийм өндөр үнээр хэдхэн газарт хашаа тавьчхаад 760 сая төгрөгөөр хийсэн гэж хэлэхээр хэн ч итгэхгүй. Итгэхийг ч хүсэхгүй.

Үнэхээр замын голд тусгаарлах хашаа тавих гэж бол жолооч нарын хамгийн их зөрчил гаргадаг хэсгүүдэд тавьж болно. Гэтэл олны нүдэнд ажил хийсэн болж харагдах гэж зөвхөн хотын төвөөр хэсэгчилж тавьчхаад, үүндээ 760 сая төгрөг зарцуулсан хэмээн яриулаад сууж байгаа Т.Гантөмөр дарга та, ичнэ үү.

Мэргэжлийн хүмүүсийн тооцооллоор дээрх шар хашаанууд хамгийн өндөр зардлаар 300 сая төгрөг орчим болсон. Харин үлдсэн төсөв нь хаашаа алга болов.

МОД

Нийслэлийн ногоон байгууламж Эрээн хотынхоос дор байна. Уг нь улсын нийслэл Улаанбаатар шүү дээ. Гэтэл зүгээр захын жижиг худалдааны хотоос ч дор ногоон байгууламжтай байгаа нь ичгэвтэр.

Уулнаас авчирч ургуулах нэрээр Улаанбаатарт булшилж байгаагаа та юу гэж тайлбарлах гэж байна вэ. Ямар сайндаа хотын дарга С.Амарсайхан танд болон танай ажлын албаныханд хандан үг хэлэхдээ “Уулын модыг булгалж хотод ургуулна гээд булшилдаг байдлаа одоо зогсоо. Тэр зардлаараа зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хий.

Өдөр бүр гудамж, зам талбайг зориулалтын усалгааны машинаар усалж, чийгшүүлж байх ажил яагаад хийгдэхгүй байна вэ. Хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй байгаа албан тушаалтнууд халагдах өргөдлөө өгөөд ажлаа чөлөөлж өг.

Нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой асуудлуудыг бид хийж чаддаг хүмүүсийг сонгон шалгаруулж авч ажил эрхлүүлнэ” гэж хэлж байх вэ. Үнэхээр хотын даргын хэлсэнчлэн уулын модыг Улаанбаатарт авчраад ургуулж, арчилж чадахгүй бол дүүргүүдээ зүлэгжүүл, зун, намрын улиралд нэг наст ургамлаар гоёход буруудах зүйлгүй.

Дэлхийн томоохон хотууд бүгд л ингэж гоёдог. Өмнөх хотын менежерүүд ч энэ ажлыг илүү сэтгэлтэйгээр хийж байсан юм шүү. Та нийслэл хотынхоо төвөөр эргэлдээд байлгүй захын дүүргүүдээрээ яваад үзээрэй.

Хатаж, гандан халзарсан хөрс л нийслэлийн гудамжаар дүүрэн байна. Байгаа хэдийгээ тордох бус шинийг хий. Эндээс таны ажлын үзүүлэлт харагдана. Товчхондоо бол хийж буй, хийсэн ажил тань насгүй байна. Цаашилбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Хүнсний 20-ын автобусны буудлын нүхэн гарцын тохижилт.

Өөдлөх айд үүднээсээ гэдэг ардын үг бий. Гэтэл нүхэн гарцаа барьсан байдлаа хараарай. Хуучнаасаа ч тааруу үзэмжтэй. Бид XXI зуунд амьдарч байгаа. Зураг төсөл дээр нь анхаарал хандуулж арай өөрөөр сэтгэж, сэтгэл гаргасан бол гэж олон хүн шүүмжилж байна. 130 сая төгрөгөөр дизайн сайтай гарц хийж болно доо.

Улаанбаатар төмөр замын нүхэн гарцаас ч өнгө, сүр муутай гарц хийлгээд сууж байхдаа та санаа чинь зовсон уу. Дээрээс нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тавьж буй “Аюулгүйн гарц” нэртэй төмөр. Нэг тэрбум төгрөг шүү дээ. Хайран биш үү. Түүний оронд замын голд байсан зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтээ хийлгээч. Хамаагүй өнгөлөг, үзэмжтэй харагдана.

Тоосжилт ихтэй манай хотын хувьд агаарын бохирдолд ч тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулна. Ийм тооцоолол байхгүй юу. Таныг хамгийн муу ажиллаж байгаа хотын менежерээр нэрлэж байна, улаанбаатарчууд. Энэ бүхэн таныг ажлаа хийж чадамжгүй гэдгийг хангалттай харуулж байна.

Таны өнгөрсөн жил хэлж, ярьсан ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө хаана байна вэ. “Бид нийслэлийн ногоон байгууламжийн бодлогод өөрчлөлт оруулах ёстой байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ямар мод тарих ёстой вэ, Улаанбаатар хотын эргэн тойронд бичил ой төгөлүүдийг байгуулах, цэцэрлэгт хүрээлэн барихдаа мод ургамлыг хэрхэн тарих вэ зэрэг цогц асуудал яригдаж байна.

Одоогоор Улаанбаатар хотын нэг хүнд 2-5 м.кв ногоон байгууламж ногдож байна. Үүнийг 3-4 дахин ихэсгэж найман м.кв болгохоор зорьж ажиллалаа” гэж ярьсан билээ. Гэтэл таны мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүн тааруу байна.

Таныг хотын менежерээр ажиллахаас өмнөх үеүдэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул гээд нийслэлийн зургаан дүүрэг зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжууд мэдэгдэхүйцээр нэмэгдсэн. Харин одоо мэдэгдэхүйцээр буурч байна. Үүнд тоо баримт дурдах шаардлагагүй. Хүмүүс тоо баримтад бус өдөр бүр нүдээрээ харж байгаа зүйлд сэтгэл дундуур байна. Хотын хөгжил цэцэглэлт, өнгө үзэмж, тохижилт ямар байх нь 100 хувь танаас хамаардаг тул танд дээр дурдсан шалтгаануудаар “F” үнэлгээ өгөхөөс өөр арга алга.

Та ажлаа илүү сайжруулж, төсөвт тусгасан мөнгийг үр бүтээлтэй зарцуулах тал дээр анхаарал хандуулж, арга барилаа өөрчил. Үгүй бол ажлаа чаддаг хүнд нь шилжүүлнэ үү. Нийслэлийн нэг сая гаруй иргэний дунд бүтээлчээр, шинэлэг байдлаар ажиллах залуу боловсон хүчин, инженер олон бий.

Зураг