Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Монкорд” ХЗХ-ны 4,500 гишүүн 22 тэрбум төгрөгийн хохирол амсах эрсдэл бий болжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

2019 оны эхний улирлын байдлаар Монгол Улсад 282 хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэгвэл тус хоршоодын нэг болох "Монкорд" ХЗХ-ны үйл ажиллагаа доголдож 4,500 гишүүний эрх ашиг зөрчигдөхөд хүрчээ.

Ийнхүү үүсээд буй нөхцөл байдлыг тодруулахаар "Монкорд" ХЗХ-ны хадгаламж эзэмшигчдийн төлөөлөлтэй ярилцлаа. /эх сурвалжийн нэрийг өөрийнх нь хүсэлтээр нууцалсан болно/

- Сайн байна уу. “Монкорд” ХЗХ нь 1996 оноос эхэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн томоохон хоршоодын нэг. Тус ХЗХ-нд одоогийн байдлаар нийт хэчнээн гишүүн байгаа вэ?

- “Монкорд” ХЗХ-ны хувьд өөрийн 1,500, “Мөрөөдлийн үр"  аяны хүрээнд нэмж элсүүлсэн 1,500,  “Бяцхан зөгий” хүүхдийн хадгаламжийн 1,500 хүүхэд гээд ойролцоогоор нийт 4,500 гишүүнтэй. Эдгээр гишүүн нийт 22 тэрбум гаруй төгрөгийн хохиролд ороход хүрээд байна.

Хэрвээ мөнгөө авч чадахгүй бол энэ хүмүүсийн ар гэрийг тооцвол 12,000–13,000 иргэн хохирол амсана гэсэн үг. Үүнийг том асуудал гэж үзэхээс ч аргагүй юм. Монкордын үйл ажиллагаа 2016 оноос хойш асуудалтай болж, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг гаргаж өгөх чадваргүй болсоор өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрсэн.

 “Монкорд” ХЗХ улирал бүр санхүүгийн болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тайлангуудыг бүтэн гаргасан ч 2012 оноос эхлэн Санхүүгийн зохицуулах хороо болон төрийн эрх бүхий байгууллагуудад  санхүүгийн хуурамч тайлан хүргүүлж, хуурамч тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж байсан гэсэн.

Хэрвээ санаж байгаа бол 2006 онд олон хадгаламж зээлийн хоршоо дампуурахад хохирогчдын хүсэлтээр Засгийн газраас онцгой анхаарал хандуулж Хууль, Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан яаралтай арга хэмжээ авч ажилласан байдаг. Уг ажлын хэсгийнхэн хоёр чухал асуудлыг шийдсэн. Үүнд,

  • Тухайн үед хохирлын хэмжээг шийдэхдээ үндсэн мөнгөөр нь тооцох эсвэл хүүтэй нь хамт тооцох гэсэн маргаантай асуудал хөндөгдсөн. Тэр үед  хүүг нь тооцохгүй зөвхөн анх хадгалуулсан мөнгөөр тооцох нь буруу гэсэн шийдвэр гаргаж, иргэдийн хохирлыг хүүгийн хамт тооцсон. Учир нь ХЗХ, ББСБ, Банк аль нь ч гэсэн их бага хүү амлан гэрээ хийж, иргэдийн мөнгийг хуримтлуулан тодорхой хувь нэмж буцаан зээлдүүлж ашиг олдог үндсэн зарчимтай. ХЗХ гэлтгүй ББСБ, Банк гэх мэт иргэдээс мөнгө авч үйл ажиллагаа явуулж байгаад дампуурахаараа  үндсэн мөнгийг нь өгөөд салдаг жишиг тогтох аюултай учраас ингэж шийдсэн байх.
  • Тэр үед маш олон иргэн хохирсон тул дампуурсан хадгаламж, зээлийн хоршоодын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх, хохирсон иргэд санхүүгийн боломжгүйг харгалзан шүүхэд тушаах улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхгүйгээр төр төлөөлөн нэхэмжлэл гаргаж, өмгөөлөн оролцож, шүүхийн шийдвэр гаргуулах зэргээр асуудлыг шийдэж байсан.

Өнөөдрийн нөхцөл байдлын тухайд гишүүдийг хамгаалж байгаа юм огт алга.

- Таны хувьд "Монкорд" ХЗХ-нд хэзээ хадгаламж нээлгэж байсан бэ?  

- Би гишүүнээр элсээд арваад жил болж байна.

- Тус хоршооны үйл ажиллагаа доголдож байгаа нь гишүүдэд хэрхэн мэдрэгдсэн бол. Тэгээд тэр үедээ шаардлага тавиагүй юм уу?

- Монкорд анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ сайхан явж байсан. Олон ч хүн Монкордын нэр хүндэд итгэж мөнгөө хадгалуулсан. Гэтэл 2016 оноос хойш мөнгө гаргаж чадахаа больчихсон. Тухайн үед хадгаламжийнх нь хугацаа дуусч байсан олон гишүүн мөнгөө авахаар хандахад манай хоршоо бага зэрэг хүндрэлтэй байгаа тул хүлээж байгаарай, хоршооны байдал сайжрахаар мөнгийг чинь өгнө гээд гэрээг нь сунгаад хоёроос гурван жил явуулчихсан.

Тэгээд гишүүд хоршоо дампуурах гээд байгаа юм биш үү гэж болгоомжилон, зээлийн багцаа танилцуулахыг хүссэн. Гэтэл дахиад л зээлийнхээ араас хөөцөлдөж байгаа гээд шалтаг тавьсан. Бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй гээд тайлбар хийж байсан удаатай. Ийм байхад иргэд итгэнэ шүү дээ. Бодвол Санхүүгийн зохицуулах хороонд хуурамч тайлан үзүүлээд байсан юм шиг байгаа юм.

Бид уг нь хураалаасаа төлөөллөө сонгосон. СЗХ хяналт шалгалт хийх үүрэгтэй тул иргэд бас итгээд явсан. Жирийн гишүүдэд мэдээлэл ер нь хаалттай.

Тэгээд аудитаар баталгаажуулсан хуурамч тайлангаа бидэнд танилцуулдаг. Ингэж явсаар өдийг хүрчихлээ. Өнөөдрийг хүртэл мөнгөө авж чадсан хүн байхгүй.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр гишүүд нэлээд цухалдаж эхэлтэл 2018 оны наймдугаар сараас эхлэн хоршооноос дуудаж, уулзаад гишүүдийг тайвшруулсан. Яг тэр үед “Монкорд” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Дэлгэрмаа гэх эмэгтэй алга болчихсон. Гэтэл нэг компаниас их хэмжээний мөнгө аваад, хэрэг үүсгэгдээд шалгагдаж байсан юм билээ.

Тиймээс Монкордад гүйцэтгэх захирлаар нь өмнө нь ажиллаж байсан Рита гэдэг хүнийг дахин гүйцэтгэх захирлаар нь томилсон юм байна лээ.

- Араас нь хөөцөлдөж байгаа боловч одоог хүртэл үр дүнд хүрээгүй гэж байна. Уг асуудлын талаар хүсэлт, өргөдөл гомдол хэр олон гаргасан бэ?

- Тийм ээ. Санхүүгийн зохицуулах хороон дээр олон удаа очсон. Монкордын хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, СЗХ-ны дэд дарга Баярсайхантай манай гишүүдээс хэд хэдэн удаа очиж уулзсан. Нийт гишүүдийн ихэнх нь ахмадууд байгаа, Монголын ахмадын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын дарга О.Алтансүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд тус тус хандаж байсан. Үнэн мөнийг олж буруутай этгээдүүдийг илрүүлэн тогтоож хохирлыг барагдуулахад өөрийн эрхийн хүрээнд дэмжлэг үзүүлээч гэж. Өргөдлийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцсэн, тодорхой үүрэг даалгаврыг СЗХ-нд өгсөн юм билээ.

- ХЗХ даатгалгүй гэдгийг мэдсээр байж яагаад анхнаасаа хадгаламж нээсэн юм бэ?

- ХЗХ-ны тухай хуульд, Хадгаламж, зээлийн хоршоодын гишүүдийн хадгаламж даатгалтай байна. Хадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийн даатгалтай холбогдсон харилцааг хадгаламжийн даатгалын хуулиар зохицуулна гэж байдаг. Гэтэл энэ нь банкуудад л үйлчилдэг. Энэ асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо зохицуулах, хуулиа мөрдөх ёстой байтал ямар ч ажил хийгээгүй. Өөрөөр хэлбэл, төр үнэхээр хариуцлагагүй хандаж байна. Олон гишүүн энэ хууль бүх хоршоодод адилхан үйлчилдэг гэж боддог.

- Тус хороотой холбоотой асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Одоогийн байдлаар ямар нөхцөл байдалтай байна вэ?

Энэ хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэгдээд ХЗХ-ны гишүүдээс өнгөрсөн тавдугаар сараас эхлэн мэдүүлэг авч эхэлсэн. Хараахан бүх хүнээс мэдүүлэг авч дуусаагүй байгаа. Хүн банк санхүүгийн байгууллагад мөнгөө хуримтлуулах гэж л өгдөг. Хуримтлалтай иргэн болоорой гээд аян хүртэл явуулдаг биз дээ. Мэдээж аливаа санхүүгийн байгууллага ашгийн бус гэж юу байхав, гэтэл ийм хачин тодорхойлолтод дөрөөлөөд хүмүүсийн мөнгийг эргэлдүүлж ашиглах бас цоорхой гаргаж. Гэтэл бодит байдал дээр хуримтлал үүсгэснийхээ төлөө хохирчихоод байна. Мөн тус ХЗХ нь сүүлийн жилүүдэд зээл огт гаргаагүй. Тэгчихээд хувь хүн дээр зохиомол зээл гаргачихсан байсан. Тэрийгээ Санхүүгийн зохицуулах хороонд зээл гаргаж байгаа гэх баталгаа болгож харуулдаг байсан байх. Энэ нь гишүүдийг бүр ихээр бухимдалд хүргүүлж, цагдаад өгсөн боловч шийдэгдсэн юм алга. Одоо бүх хэрэг мөрдөн байцаах газар мөрдөгдөж байгаа. Манай гишүүдийн зүгээс төрийнх ч бай, хувийнх ч байх аль нэг байгууллагын мууг үзэх гээд байгаадаа гол нь биш. Зүгээр л бид ирээдүйдээ хэрэг болно гээд хуримтлуулсан мөнгөө гэм буруутай этгээдүүдээс олж авахыг хүсэж байна. Энд олон гишүүн өндөр биш, зах зээлийн дундаж хүүгээр мөнгөө хадгалуулсан юм шүү гэдгийг хэлэхгүй бол нийгэмд Ж тайм гэдэг шиг пирамидад орсон ойлголт өгөөд байгаа юм. Энэ асуудлыг хурдан шийдэж, зохицуулж өгөхийг холбогдох газруудаас нь хүсэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхээр хамтран ажиллаж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

Бид уг асуудалтай холбоотойгоор "Монкорд" ХЗХ-нд хэрхэн хяналт шалгалтыг явуулсан талаар СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодруулсан юм.

Тэрбээр “ Санхүүгийн зохицуулах хорооноос шалган тогтоох боломжгүй зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдсон тул холбогдох баримт бичгийг 2018, 2019 онуудад гурван удаа цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагааг тогтворжуулах чиглэлээр тухай бүрт нь шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан. Гэхдээ хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалт явуулах эрх хэмжээ бүхий хууль сахиулах байгууллага биш учраас хяналтын байгууллагад шилжүүлсэн.

Хадгаламж, зээлийн хоршоо нь гишүүдийн харилцан итгэлцэл дээр суурилсан, ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Бусад санхүүгийн байгууллагуудаас хөрөнгийн нэгдэл төдийгүй, иргэдийн нэгдэл байдгаараа ялгардаг.

Гэтэл 2012, 2013 оноос хойш бүх гишүүний хурлаар зарим гишүүн “Монкорд” ХЗХ төлбөрийн чадварын хүндрэлд орж байгаа талаар шүүмжилж байсан гэж ярьдаг. ХЗХ-ны сонгууль болон гүйцэтгэх ажилтнууд, түүнчлэн нийт гишүүд тухайн үед нь холбогдох арга хэмжээг аваагүй өдий хүрсэн. Мөн үүсээд буй доголдлын талаар хороонд огт мэдэгдэж байгаагүй.

Өөрөөр хэлбэл, ардчилсан удирдлагатай хамтын хяналт бүхий байгууллагын үндсэн зарчмыг алдагдуулснаар гишүүдийн зүгээс хяналтын тогтолцоог хэрэгжүүлээгүй буюу гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх албаны үйл ажиллагаанд бүрэн хяналт тавьж чадаагүй. Гишүүдийн оролцоо зөвхөн хадгаламж байршуулах зорилгоор гишүүнчлэгдэж ашиг олох хэрэгсэл болгосон гэж үзэж болохоор нөхцлийг үүсгэсэн байна.

Одоо “Монкорд” ХЗХ-нд холбогдох уг асуудал прокурорын хяналтан дор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхээр хамтран ажиллаж байна” хэмээн хэллээ.