Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ, Монгол шуудан, УБЦТС зэрэг төрийн өмчит зургаан компанийн авлигын эрсдлийн үнэлгээг танилцууллаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн өмчит Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, МИАТ ТӨХК, Монгол шуудан ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаанд төрийн бус байгууллагуудын хийсэн авлигын эрсдлийн үнэлгээний дүнг өнөөдөр танилцууллаа.

Дээрх зургаан байгууллагад удаа дараа хэрэг зөрчил гарсан, иргэдийн зүгээс ч гомдол, мэдээлэл их ирдэг учраас зориудаар авлигын эрсдлийн үнэлгээ хийлгэснийг АТГ-ын Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр хэлэв.

Эрсдлийн үнэлгээний зорилго зөрчил илрүүлэхэд биш авлигын эрсдлийг бий болгож байгаа хүчин зүйлсийг тодруулах, арилгахад чиглэсэн зөвлөмж гаргах юм байна.  

Дээр дурдсан зургаан байгууллагад хоёр ТББ эрсдлийн үнэлгээ хийжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлд авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн "Хүлүгү санаачилга" НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга О.Хатанболд "Төрийн өмчит үйлдвэрийн газруудад шүгэл үлээх тогтолцоо байдаггүй юм байна. Манайд шүгэл үлээгчийг, нэрээ нууцалсан мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо байхгүй байна. Энэ нь байгууллага дээр гарч байгаа эрсдлүүдийг ажилтан мэдээлэх боломжийг үгүй хийж байгаа юм.

Дараагийн нэг түгээмэл илэрч буй авлигын эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл нь худалдан авах үйлчилгээний үнийн дүнг хэтрүүлэх, үнэлгээний хороон дахь төрийн бус байгууллагын төлөөлөл бага байх тохиолдол юм.

Өргөдөл гомдлыг шийдвэрлэх асуудал нэлээд бүрхэг байгаа нь эрсдэл дагуулахаар нөхцөлд хүрсэн байна.

АТГ-аас гаргасан аргачлалын дагуу авлигын эрсдлийг 1-5 оноогоор үнэлж байгаа. Эдгээр гурван байгууллагын хувьд гурвуулаа 3 гэсэн үнэлгээтэй байна. Авлигын эрсдэл байна аа гэсэн үг.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр байгууллага тус бүрийн ямар шатанд эрсдэл байгаа, түүнийг хэрхэн арилгах талаар зөвлөмжийг өгнө.

Байгууллагууд авлигын эсрэг бодлоготой ч түүнийгээ хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох тал дээр хайхрамжгүй байна" хэмээв.

"Хэрэглэгчийн үнэлгээ, социологийн хүрээлэн"-гээс МИАТ ТӨХК, Монгол шуудан ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаанд авлигын эрсдлийн үнэлгээ хийжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тус хүрээлэнгийн хуулийн зөвлөх Б.Жавзанханд "Эдгээр төрийн өмчит байгууллагуудад хүний нөөцийн бодлого төлөвлөлт, төсөв санхүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд тодорхой эрсдлүүд байгаа нь харагдлаа.

Манай үнэлгээ хийсэн гурван байгууллагаас МИАТ ТӨХК хамгийн их эрсдэлтэй буюу 2.5 гэсэн үнэлгээтэй байгаа бол Монгол шуудан ТӨХК 2.1, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК 1.8 гэж үнэлэгдсэн.

Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн хувьд эрсдэл харьцангуй бага байгаа нь үйл ажиллагаа явуулаад удаагүй/5 жил/, 2017 онд эрсдлийн үнэлгээ хийлгэсэн нь нөлөөлсөн болов уу. Түүнчлэн хүний нөөцийн бодлого нь ил тод, нээлттэй байсан нь авлигын эрсдлийг бууруулсан гэж хэлж болно" хэмээн ярилаа.