Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгост сурдаг Австралийн оюутан сураггүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Умард Солонгост сурдаг Австралийн оюутан сураггүй болжээ
Sara, ikon.mn - text to speech

Умард Солонгосын нийслэл Пёньянд сурдаг 29 настай оюутан Алек Сигли сураггүй болсныг ар гэрийнхэн нь мэдээлсний дараа Австралийн засгийн газар иргэндээ юу тохиолдсоныг тодруулахаар ажиллаж эхэлжээ.

Гэрийнхэнтэйгээ интернэтээр байнга холбогддог байсан залуу Мягмар гарагийн өглөөнөөс хойш ганц ч удаа холбоо бариагүй юм байна.

Австралийн албаныхан Өмнөд Солонгос дахь төлөөлөгчдөөрөө дамжуулан Сиглид юу тохиолдсоныг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдээлжээ.

Ази судлаач мэргэжилтэй, солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг Сиглиг баривчлагдсан байж магадгүй гэсэн таамаг яригдаж байна.

Ким Ил Суны нэрэмжит их сургуульд Солонгосын утга зохиолоор мастерын зэрэг авахаар сүүлийн нэг жилийн хугацаанд суралцаж байсан тэрээр суралцахын хажуугаар Өрнөдийн жуулчдад газарчилж, хэлмэрчлэх үйлчилгээ үзүүлдэг байжээ.

Хятадад суралцаж байхдаа Сигли Умард Солонгосыг сонирхон судлах болж, 2012 онд анх удаа очиж байсан гэнэ. Тэрээр өөрийгөө энэхүү хаалттай улсад амьдардаг цорын ганц Австрали хүн гэж ярьдаг байсан юм. Өнгөрсөн онд Сигли Умард Солонгост амьдрахад өрнөдийнхний төсөөлж байгаа шиг хатуу хяналт хориг байдаггүй, Пёньян хотоор ганцаараа чөлөөтэй явж болдгийг Австралийн Sky News сувагт ярьж байжээ.

Хамгийн сүүлд 2014 онд Австралийн иргэн Жон Шорт загалмайтны шашин сурталчилсан шалтгаанаар баривчлагдан Умард Солонгосоос хөөгдөж байв.

Тус улстай дипломат харилцаагүй тул Австралийн засгийн газар өрнөдийн бусад орнуудын адил шаардлагатай тохиолдолд Пёньян дахь Шведийн элчин сайдаар дамжуулан харилцдаг байна.

 

Эх сурвалж: BBC

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.