Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин эмэгтэйтэй “хэрэлдэв”

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер сүлжээгээр үзэл бодол нийлдэггүй хүмүүстэйгээ хэрүүл маргаан өрнүүлдгээрээ алдартай.

Саяхан тус улсын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Меган Рапино хэвлэлд ярихдаа “Цагаан ордонд урьсан ч очихгүй” гэж хэлсэн юм.

Одоо Францад үргэлжилж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-д баг нь түрүүлбэл Цагаан ордонд очих эсэхийг сэтгүүлч асуухад тэр “Үгүй. Би Цагаан ордонд очихгүй. Биднийг урина гэдэгт ч эргэлзэж байна” гэж хариулжээ.

Ингэхдээ тэр Цагаан ордныг “f*****g White House” гэж доромжилсон агуулгаар хэлсэн байна.

Тэгвэл Дональд Трамп өчигдөр твиттер сүлжээгээр дамжуулан Рапино руу довтолжээ.

Тэрээр Рапинод “Цагаан ордонд очих, очихгүйг ярихаасаа өмнө тэмцээнд түрүүлэх хэрэгтэй” гэж сургамжилсан байна.

“Бид Меганыг багийнх нь хамт урих тухай бодоогүй байсан. Харин одоо түрүүлсэн ч, түрүүлээгүй ч урихаар шийдлээ. Өөрт нь болон багт нь маш их зүйл хийсэн улс орон, Цагаан ордон, төрийн далбаандаа Меган хүндэтгэлтэй хандах ёстой” гэж Трамп үргэлжлүүлжээ.

Түүний мэдэгдлийн дараа АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн өөр нэг тамирчин Али Кригэр ахлагчийнхаа талд орж ерөнхийлөгчийг шүүмжилсэн мэдэгдэл сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

“Ерөнхийлөгчийн өнөөдрийн мэдэгдлийн тухайд, тэр өөрийнхөө эрхшээлд ордоггүй эмэгтэйчүүдэд уурлаж явдгийг би мэднэ. Би Рапинотой хамт урилгаас татгалзах болно” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн юм.

Трампын засаг захиргааны бодлого, ялангуяа бэлгийн цөөнх, цагаачид, эмзэг бүлгийнхний талаар баримталдаг бодлогыг дэмждэггүйгээ Кригэр энэ үеэр илэрхийлжээ.

Дональд Трамп улс төрийн хувьд үзэл бодол нийлдэггүй мэргэжлийн тамирчидтай анх удаа шөргөөцөлдөж байгаа нь энэ биш.

2018 оны Super Bowl цомд түрүүлсэн Филаделфийн Бүргэдүүд багийг Цагаан ордонд урихад хэтэрхий цөөн тооны тамирчин урилгыг хүлээж авсан тул хүлээн авалтыг цуцалж байв.

2018 онд NBA-гийн аварга болсон Голден Стэйт Варриорс багийнхан энэ жил нийслэл Вашингтонд ирэхдээ Цагаан ордонд очилгүй, оронд нь ерөнхийлөгч асан Барак Обаматай цагийг өнгөрөөгөөд буцаж байжээ.

 

Эх сурвалж: CNN, Mashable