Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Түнхний үений дутуу хөгжлийг живхээр эмчлэх боломжтой

ikon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN

Шинэ хүнтэй болж бүл нэмсэн ээж аавуудын хувьд зарим тохиолдолд нярайн эрүүл мэндтэй холбоотой цөөнгүй асуудал тулгардаг.

Тэдгээрийн нэг болох түнхний үений дутуу хөгжлийг эмчийн заалтаар гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой тохиолдолд хэрхэн зөв асрах талаар Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Д.Цолмонгийн зөвлөгөөг хүргэе.

 

Манай улсын хувьд нэг үеэ бодвол нярайг дөнгөж төрмөгц хэт авиан шинжилгээний тусламжтайгаар түнхний үений хөгжлийг тодорхойлж харьцангуй эрт үед нь арга хэмжээ авдаг болсон. Хүүхдийн түнхний үе дөнгөж төрснөөс эхлэн эхний саруудад маш хурдацтай хөгждөг учир таны хүүхдэд ийм асуудал байвал санаа зовохоос илүүтэй эмчийн зөвлөгөөг сайтар дагавал бүрэн эдгэрнэ.

Хэрвээ эмч таны хүүхдийг түнхний үений дутуу хөгжилтэй ч үүнийгээ гэрийн нөхцөлд засах боломжтой гэсэн бол доор зөвлөгөөг дагаарай.

  1. Живхийг давхарлаж хэрэглэх

Үүнийг олон ээж аав мэддэг ч шууд давхраар нь өмсүүлэх алдаа их ажиглагддаг. Эмчийн заасны дагуу зурагт харуулснаас эхний живхээ өмсгөж хувцасласны дараа хоёр дахь живхийг өмдний гаднаас давхарлан зүүлгэдэг.

Ингэснээр хүүхдийн аарцаг тэлж түнхний үеийг хөгжүүлэх зөв байрлалд очдог. Гадна живхний оронд даавуу орлуулж болох ч даавуугаа живхтэйгээ адил баадагнаж орооно гэдгээ битгий мартаарай. 

 
 
 
 
 
  1. Зөв тэврэх

Түнхний үений дутуу хөгжлийн үед та хүүхдээ зурагт харуулснаар аарцаг ясыг тэлсэн байрлалаар байнга тэврэх нь эдгэрэлтийг түргэсгэнэ. Хүүхэд толгойгоо бүрэн даагаагүй бол энгэртээ нааж аарцаг ясыг тэлж, толгойг тулж тэврэх ба толгойгоо нэгэнт даасан бол хажуу талдаа тэвэрч болно. Аль ч байрлалаар тэвэрсэн аарцаг яс тэлэгдсэн байх ёстой. 

 
 
  1. Витамин Д-г хангалттай тунгаар хэрэглэх

Түнхний үений дутуу хөгжлийн үед витамин Д-г тогтмол зөв хэрэглэх нь маш чухал. Витамины тунг нярайн эмч тодорхойлох бөгөөд эмчийн зааснаар тогтмол хэрэглээрэй.

 
  1. Дөрөөвч зүүх

Дээрх аргуудаар бүрэн эдгэрэх боломжгүй тохиолдолд эмч таны хүүхдэд дөрөөвч зүүхийг санал болгоно. Хэрэглэх хугацаа, хэмжээг эмч хэлэх тул та эмчийнхээ зөвлөгөөг дагавал санаа зоволтгүй бүрэн эдгэрнэ.

 

Сошиал группуудэд хүүхдийн хөлийн зураас хоёр өөр байх нь түнхний асуудалтай мэтээр олон асуулт зөвлөгөө байдаг.

Үүнийг магадлал гэж үздэг болохоос шууд түнхний үений дутуу хөгжил гэж шууд оношилж болохгүйг эмч сануулж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.