Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Наранбаатар: Аливаа зүйлийн мөн чанарт л анхаарах цаг болсныг "Legend" тоглолтоор харуулна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрл зургийг Mpa.mn

“Legend” энтертаймент шоу ирэх сарын 7-12-ны өдрүүдэд 19:00 цагаас Корпорейт конвеншн центрт болох гэж байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын харилцаа, соёлын аялал жуулчлалыг холбосон Монголын энтертаймент брэндийг бий болгох зорилгоор "Legend show" төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлжээ.

“Legend” шоу нь язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертаймент шоу хэлбэрийн тайзны бүтээл аж.

Нүүдэлчдийн философи сэтгэлгээг энэ тоглолтоороо харуулна

 
Гэрл зургийг Mpa.mn

Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын татах гэсэн төрийн бодлогын хүрээнд бид бүхэн "Legend" буюу домог гэгдэх энэхүү бүтээлийг хийж байна. Монголын түүхийн эрье гэвэл дэлхийн түүхийг эр гэж үг бий. Энэ утгаараа дэлхийд өөрсдийн ахуй соёлоороо л ялгардаг. 

Бидэнд маш их түүх домог бий. Үүнийгээ л харин биежүүлж, үзүүлбэр бүтээл болгож хүмүүст хүргэе хэмээн үзсэний үндсэн дээр Б.Ренчин гуайн “Бэр цэцэг” найраглалаас сэдэв авч бүтээлээ хийсэн. Өнөөдөр хүмүүс агуулгыг нь биш хэлбэр загвар төдийд их анхаарах болжээ. Бид тоглолтондоо сэтгэлгээг л илүү чухалчилна. 

Монголчууд өөрсдөө хөдөлгөөнт ард түмэн учраас дотоод сэтгэлийн нүүдлээ сэрээх цаг болсон байна. Тиймээс монголчуудын язгуур зан чанар, дотоод сэрэл мэдрэмжийг цочроож, нүүдэлчдийн философи сэтгэлгээг таниулахаас гадна аливаа зүйлийн мөн чанарт л анхаарах цаг нь болсон гэдгийг энэ тоглолтоороо харуулах болно.

Монголын үндэсний урлагийн төлөөлөгчид энэхүү шоу тоглолтонд нэг баг болон орж байна. Тиймээс та бүхнийг дэлхийд ганцхан баяр наадмаа тохиолдуулан өөрсдийн өв соёл философи сэтгэлгээг үзэж сонирхоорой гэж урьж байна" гэлээ.

Legend show төсөл 80 хувьтай явж байна

Тоглолтын найруулагч Ц.Батнайрамдал “Бид өмнө нь ашиглаж байсан оюуны бүтээлүүдээс нэгийг ч ашиглахгүй, бүх хөгжим шинээр хийгдэж байгаа. Нэг чиглэлийг барьж, нэг хүний уран бүтээл давамгайлж хийгддэг одоогийн энэ байдлаас өөрөөр сэтгэж, багаараа нэгдмэл уран бүтээлийг босгосон.

Legend show төсөл маань одоогоор 80 хувьтай явж байна. Урлагийн төрөл зүйлүүдийг нэгтгэж дэлхийд сурталчлах гэсэн бидний зорилго эхний алхамдаа хүрэхэд тун ойрхон болоод байна" гэв.

Тус шоу хэлбэрийн тайзны бүтээлээр аян дайнд амрагаа алдсан залуу бүсгүйн гашуудлын нулимс хэлхээ нь тасарсан гэрэлт сувд шиг бөмбөрөн унасан газар "Бэр цэцэг" ургасан гэх эртний домогт үлдсэн ариун хайрын түүхийг урлагийн олон төрлөөр илэрхийлэн өгүүлэх аж.

Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын соёлын элч, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн продюсер, удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал, ерөнхий зураач Т.Ганхуяг, хувцас дизайн “Art couture”, бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар ажиллаж байгаа аж.

Мөн гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын зэрэг уртын дуучин, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны 20 балетын жүжигчин, ХЦДБЭЧ-ийн 13 бүжигчин, “Enkhe boys” циркийн 19 нугараач ба акробатчид, тайз, гэрэл, графикийн 30 гаруй мэргэжилтэн гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлч оролцсон тоглолт үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.

Тасалбар 39,900 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.