Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Sara, ikon.mn - text to speech

Венесуэль улсын ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний ойрын хүмүүсийн амийг хөнөөх хуйвалдааныг илрүүлж, таслан зогсоосноо тус улсын засгийн газар зарлажээ.

Хуйвалдаанд оролцогсод нь голдуу тэтгэвэртээ гарсан цагдаагийн офицерууд, армийнхан байсан бөгөөд засгийн газрын гол байгууламжуудад бөмбөг дэлбэлж, Каракасын нисэх буудал, Венесуэлийн төв банкыг эзлэхээр төлөвлөж байсныг Мадурогийн хэвлэлийн төлөөлөгч Хорге Родригез төв телевизээр мэдэгдсэн байна.

Мөн одоо шоронд хоригдож байгаа батлан хамгаалахын сайд асан Раул Бадуэлийг нисдэг тэргээр оргуулж, ерөнхийлөгч болгохоор төлөвлөж байсныг мэдээлжээ.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо энэ мэдээллийг үгүйсгэж, эрх баригчдыг нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудаас ард түмний анхаарлыг холдуулахын тулд худал түүх зохиож байна гэж шүүмжилжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард цэргийн парад үзэж байсан Николас Мадуро тэсрэх бодис тээсэн дроны халдлагад өртсөн ч эсэн мэнд үлдсэн юм.

Энэ удаагийн хуйвалдааныг Колумби, Чилийн ерөнхийлөгч нар дэмжсэн тухай Родригез ярьсан ч ямар нэг батлах баримт үзүүлээгүй байна.

Харин хуйвалдааныг зохион байгуулагчдын хоорондоо хийсэн видео хурлын 56 цагийн бичлэг Венесуэлийн тагнуулынхны гарт байгааг тэр хэлжээ.

Төрийн эргэлтийг зургаадугаар сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан,  Мадурогоос гадна Венесуэлийн тэргүүн хатагтай Силиа Флорес, эрх баригч социалист намын дарга Диосдадо Кабелло нарын амийг хөнөөхөөр төлөвлөж байсныг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press