Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрх баригчид цагаач аав, охин хоёрын үхэлд харилцан нэгнээ буруутгав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр АНУ-Мексикийн хилийг давах гэж яваад амиа алдсан аав, охин хоёрын цогцсыг Рио Гранде мөрнөөс олсон нь олны анхаарлыг татаад байгаа.

Сальвадор улсын иргэн Оскар Альберто Мартинез Рамирез хоёр настай охин Валериагийн хамт мөрнийг гаталж, АНУ-ын хилийг давах гэж яваад живсэн байна.

Тэдний цогцсыг сэтгүүлч Жулиа Ле Дюк гэрэл зурагт буулгаж, Мексикийн La Jornada сонинд анх нийтлүүлжээ. Эмгэнэлт явдлын гэрэл зураг Америк мөрөөдлийн төлөө амь насаа эрсдэлд оруулж буй Төв Америкийн мянга мянган цагаачдын хувь заяаг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулаад байна.

Өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас энэхүү зургийн талаар асуухад тэр “Зургийг үзээд сэтгэл хямарсан. Хэрвээ Ардчилсан Намынхан хуулиа өөрчилж чадсан бол ийм зүйл болохгүй байлаа. Зөв хууль хэрэгжиж эхэлбэл хүмүүс ийм алхам хийхгүй байсан. Аав, охин хоёрт ийм явдал тохиолдохгүй байсан” гэж ярьжээ.

Төв Америкийн орнуудаас АНУ-ыг чиглэсэн цагаачдын урсгалыг зохицуулах хуулийн хоёр өөр хувилбарыг конгрессын дээд болон доод танхим тус тусдаа хэлэлцэж дэмжээд байгаа. Гэсэн ч эдгээр хуулиудыг нэгтгэх, нэгдсэн шийдэлд хүрэх асуудал саатаад байна.

Сенат дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Чак Шумер ерөнхийлөгчийн мэдэгдэлд бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Энэ бол шившиг. Ноён ерөнхийлөгчөө, та бол АНУ-ын ерөнхийлөгч. Та бол гүйцэтгэх засаглалын тэргүүн. Та хил дээр юу болж байгааг мэдэж байх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд АНУ-Мексикийн хил орчимд хүүхэд амиа алдах явдал нэмэгдээд байгаа. Өнгөрсөн Ням гарагт бага насны гурван хүүхэдтэй эмэгтэй хэт халууны улмаас хил дээр амиа алдсан байна.

Энэ сарын эхээр зургаан настай энэтхэг цагаач охин Аризонагийн цөлийг туулахаар явах замдаа харангадаж амиа алдсаныг олсон юм.

 

Эх сурвалж: Associated Press