Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Америк-Хятадын худалдааны яриа хэлэлцээ 90 хувийн ахицтай байгааг мэдээллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Америк-Хятадын худалдааны яриа хэлэлцээ 90 хувийн ахицтай байгааг АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин саяхан мэдэгдлээ.

CNBC сувагт ярилцлага өгөхдөө тэрээр “Энэ удаагийн Их 20-ын чуулган маш чухал арга хэмжээ болно гэж би бодож байна. Бид ажлынхаа 90 хувийг дуусгаад байгаа. Хоёр талын худалдааны хэмжээ тэнцвэржиж, харилцаа, хамтын ажиллагаа эргэн сайжрахад ойрхон байгаа тул тэд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүснэ гэдэгт бид итгэж байна” гэж ярьжээ.

Үндсэндээ хэлэлцээг дүгнэж, эцэслэх уулзалт энэ долоо хоногт хоёр орны удирдагчдын хооронд болно гэж Мнучин хэлсэн байна.

Дональд Трамп, Ши Жиньпин нар Японы Осакад болох “Их 20”-ын чуулганы үеэр, тодруулбал Бямба гарагт уулзах товтой байгаа.

Тэд жил гаруй хугацаанд дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд үргэлжилж байгаа худалдааны маргааныг шийдвэрлэх талаар хэлэлцэх юм.

Өнгөрсөн хугацаанд хоёр улсын засгийн газрууд харилцан бие биеийн импортын бараанд өндөр татвар ноогдуулах замаар эдийн засгийн дайн өрнүүлж байгаа. Энэ нь нийт дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Зарим судлаачид энэ удаагийн уулзалтаар талууд худалдааны маргаанаа эцэслэж чадалгүй, түр зуур гал зогсоох арга хэмжээ авах магадлалтай хэмээн болгоомжилж байна. 

Арванхоёрдугаар сард Аргентинд болсон “Их 20”-ын чуулганы үеэр Дональд Трамп, Ши Жиньпин нар ийм тохиролцоо хийж байсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post