Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын баруун бүсэд оршин суух иргэнд ногдох ДНБ Зимбабвегийн дараа орж байна

Б.Ану
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn
00:00 00:00
Монголын баруун бүсэд оршин суух иргэнд ногдох ДНБ Зимбабвегийн дараа орж байна
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ (ДНБ) 187 улсаас  Шри Ланкийн ард 113-т жагсаж байна.

Олон Улсын Валютын Сангийн жагсаалтаас харвал 113-т жагсаж буй Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 2018 онд 4,026 ам.доллар гэж тодорхойлжээ.

Тэгвэл энэхүү жагсаалт дахь 187 орны иргэдийн нэг хүнд ногдох дундаж ДНБ дэлхийн хэмжээнд 11,355 ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, монгол хүнд ногдох ДНБ дэлхийн дунджаас 2.8 буюу гурав дахин бага байгаа юм.

Үндэсний Статистикийн Хороо "Бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2018" тайланг гаргасан байна.

Монгол Улсын ДНБ (оны үнээр) 2018 онд 32.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 15.1 хувиар өссөн тухай мэдээлжээ.

Мөн нэг хүнд ногдох ДНБ улсын хэмжээнд 2018 онд 10.2 сая төгрөг болж, өмнөх оноос 12.9 хувиар нэмэгдсэн тухай дурджээ. Гэхдээ 12.9 хувийн өсөлтөд төгрөгийн ханшийн сулралыг тооцсон эсэх нь тодорхойгүй байна. 

10.2 сая төгрөгийг ам.долларын өнөөдрийн албан ханшинд хөрвүүлж бодвол 3.8 мянган доллар болж байна.

Бүсийн түвшинд, нэг хүнд ногдох ДНБ:

  • баруун бүсэд 4.4 сая төгрөг болж, өмнөх оноос 14.1 хувиар,
  • хангайн бүсэд 6.8 сая төгрөг болж, өмнөх оноос 6.1 хувиар,
  • төвийн бүсэд 6.1 сая төгрөг болж, өмнөх оноос 4.8 хувиар,
  • зүүн бүсэд 8.1 сая төгрөг болж, өмнөх оноос 11.6 хувиар,
  • Улаанбатарт 14.9 сая төгрөгт хүрч, өмнөх оноос 15.4 хувиар тус тус нэмэгдсэн гэжээ.

Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Монголд хамгийн багад тооцогдож буй баруун бүсийн иргэдийн ДНБ дэлхийн 187 орны 145-д жагсах Зимбабве, 146-д жагсах Кот д’Ивуарын дараа орохоор байна. 

Баруун бүс гэдэгт:

  1. Баян-Өлгий
  2. Говь-Алтай
  3. Завхан
  4. Увс
  5. Ховд гэсэн таван аймаг хамаарч байна.

Монгол Улсын ДНБ-ийг бүрдэлтийг салбараар авч үзвэл:

  • Үйлчилгээний салбар 47.6 хувийг,
  • уул уурхай, олборлох, боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж болон барилгын салбарыг хамруулсан бөгөөд уг салбар 2018 онд ДНБ-ий 41.6 хувийг,
  • Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 2018 онд 3.5 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 10.8 хувийг бүрдүүлсэн байна.

 

Дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.