Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Канадаас бүх төрлийн мах импортлохыг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хятад улс Канадаас бүх төрлийн мах авахаа зогсоож байгааг өнөөдөр зарлажээ.

Канад дахь Хятадын элчин сайдын яамны мэдээлснээр Канадын Frigo Royal компанийн экспортлосон гахайн махны дээжээс рактопамин хэмээх хориотой бодис илэрсэн байна. Махны гарцыг дээшлүүлэх зорилгоор ашигладаг энэхүү нэмэлт тэжээлийг Хятадад хүний эрүүл мэндэд хортой гэж үзэн хуулиар хориглодог бол АНУ, Канадад зөвшөөрдөг ажээ.

Уг зөрчлөөс улбаалан шалгалт явуулахад Канадын засгийн газраас мах экспортлогчдодоо олгосон нийт 188 лицензийг хуурамчаар үйлдсэн болохыг Хятадын тал илрүүлсэн байна. 

Тиймээс Хятад улс Канадын бүх төрлийн махны импортыг энэ сарын 25-наас эхлэн зогсоохоор болсныг мэдэгджээ.

Хятад бол АНУ-ын дараа Канадын хоёр дахь том худалдааны түнш юм. Зөвхөн 2017 онд Канад улс нийт $292 саяын дүнтэй гахайн мах Хятадад нийлүүлжээ.

Саяхан Хятадад гахайн халдварт өвчин гарсан нь Канадын импортыг эрс нэмэгдүүлээд байв. Хуавэй компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг 2018 оны арванхоёрдугаар сард АНУ-ын хүсэлтээр баривчлан саатуулсан нь хоёр орны харилцааг муутгаад байгаа. Түүнийг эдийн засгийн хориг зөрчиж, Иранд тоног төхөөрөмж нийлүүлсэн гэж буруутгаж байгаа юм.

Энэ явдлын дараа удалгүй Хятадад ажилладаг Канадын хоёр иргэнийг Бээжингийн эрх баригчид баривчилж байв. Тэднийг төрийн нууц мэдээлэл хулгайлсан гэж буруутгасан байна.

Үүнээс гадна хар тамхи хилээр нэвтрүүлсэн Канадын иргэн Роберт Ллойд Шеленбэргийг Хятадын шүүх нэгдүгээр сард дахин шүүж, цаазын ял оноосон нь хоёр орны зөрчлийг улам гүнзгийрүүлээд байгаа.

 

Эх сурвалж: CNN