Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Кардашяны "Кимоно" брэнд япончуудыг бухимдуулж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Америкийн реалити шоуны од Ким Кардашян өчигдөр дотуур хувцасны шинэ бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгох зориулалттай энэхүү дотуур хувцасны брэндийг “Кимоно” гэж нэрлэсэн нь япончуудыг бухимдуулаад байна.

Олон зууны турш япон үндэстний уламжлалт хувцас болж байсан кимоно нь Кардашяны бүтээгдэхүүнтэй уг нь ямар ч холбоогүй. Зөвхөн “Ким” гэсэн нэрний давхцал нь ийм нэр сонгоход нөлөөлсөн бололтой.

Кардашян өнгөрсөн онд “Kimono” барааны тэмдэгтийг анх АНУ-д бүртгүүлж байжээ. Мөн “Kimono Body”, “Kimono Intimates”, “Kimono World” зэрэг бусад нэрнүүдийг бүртгүүлж, эзэмших болсон байна.

Япончууд сошиал сүлжээнд #KimOhNo гэсэн хаштагийн дор эсэргүүцлээ илэрхийлцгээж байгаа юм. 

Орчин үеийн Японд үндэсний хүндэтгэл ёслолын хувцас болоод байгаа кимоног дотуур хувцастай холбосныг тэд эсэргүүцэж байна. Зарим нь шинэ үеийнхэн кимоногийн үндсэн утгыг мартаж, Кардашянтай холбоотой нэр томъёо гэж ойлгодог болохоос айж байгаагаа илэрхийлцгээжээ.

Эх сурвалж: BBC