Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Зүүн Цанхийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргах байр сууриа Засгийн газарт танилцуулаад байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Д.Сумъяабазар: Зүүн Цанхийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргах байр сууриа Засгийн газарт танилцуулаад байна
Sara, ikon.mn - text to speech

УУХҮЯ-наас “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурал хийж, салбарын сайд болон газар хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний V сард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4/20.1%/их наяд төгрөгөөр өссөн. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 953.6/19.8%/тэрбум төгрөгөөр, нүүрс олборлолт 514.5/29.8%/ тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8/17.2%/ тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 6.1/73.3%/ их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 5.2/62.1%/ их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний V сарын гүйцэтгэлээр 5.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 514.5/10.2%/ сая ам.доллараар өссөн. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 948.3 сая ам.доллароор эерэг гарчээ.

Д.Сумъяабазар: Тусгай зөвшөөрлийн тоо буурч байгаа
 
Гэрэл зургийг mpa.mn

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Уул уурхайн салбарын тусгай зөвшөөрлийн мэдээллийг сар бүр тогтмол хүргэж байгаа. 2019 оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмал хайгуул, ашиглалтын 2,950 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Тусгай зөвшөөрлийн тоо буурч байгаа.

Хүснэгтээр үзүүлбэл:

 

Тоо

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт

2,950

100%

 

Хайгуулын

1,270

43.1%

4.2%

Ашиглалтын

1,680

56.9%

1.0%

Эцэст нь та бүхэнд шатахууны үнийн талаар мэдээлэл өгье. Дэлхийн зах зээл дээрх сүүлийн гурван сарын үнийн өсөлтөөс шалтгаалаад шатахууны үнэ тодорхой хэмжээнд өссөн. Тиймээс шатахууны үнийн зөвлөл хуралдаж, тавдугаар сарын сүүлээс дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурсантай холбогдуулан шатахууны үнийг эхний ээлжинд 100 төгрөг, дараагийн ээлжинд 60 орчим төгрөгөөр бууруулах, долоодугаар сарын эхэн үе гэхэд 120 орчим төгрөгөөр буулгахаар ажиллаж байгаа" хэмээн хэллээ.

Үргэлжлүүлэн салбарын сайд болон газар хэлтсийн дарга нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Шатахууны үнийн асуудлаар:

- Шатахууны үнийн талаар илүү тодорхой мэдээлэл өгөөч. Шатахууны чанарын асуудалд хэрхэн хяналт тавьж байгаа вэ. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрлийн тоо нэмэгдсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?

АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:

 
Гэрэл зургийг mpa.mn

- 2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт буюу 30, 31-ний өдрүүдэд ОХУ-аас орж ирсэн шатахууны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор тонн тутамд 25 ам.доллар гэж үзвэл жижиглэнгийн үнэ литр тутамд 50 төгрөгөөр буурах боломжтой. Ам.долларын ханш он гарснаас хойш харьцангуй тогтвортой байгаа учраас үнэ буурах ёстой.

Энэ сарын сүүлийн долоо хоног буюу 25-наас хойш долоодугаар сарын хэрэглээний шатахуун орж ирнэ. Үүн дээр бидний урьдчилсан байдлаар хилийн үнэ бууж ирэх магадлалтай гэж тооцоолж байгаа. Үүнтэй холбоотойгоор Наадмын өмнө шатахууны үнийг 50-60 төгрөгөөр буулгахаар ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д газрын тосны үйлдвэрт томоохон дэлбэрэлт болсон. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэд өсөлт ажиглагдаж байна. Гэхдээ долоодугаар сард хилийн үнэ тогтвортой орж ирэх болов уу гэж харж байгаа.

Шатахууны чанарын тухайд 2019 оны эхээс евро-5 буюу класс-5 бүтээгдэхүүнийг оруулж ирэхээр болсон. Гэхдээ хоёрдугаар сард Роснефт компанитай уулзахад "Бүтээгдэхүүний захиалгаа жилийн өмнөөс өгөх ёстой" гэх шаардлагыг тавьсан. Түүнчлэн евро-5 стандартын бүтээгдэхүүний хувьд жижиглэнгийн үнэ ойролцоогоор 100 төгрөгөөр нэмэгдэх хандлагатай байгаа. Үүн дээр бид тооцооллыг хийгээд явж байгаа бөгөөд агаар, орчны бохирдлын нөлөөгөө бодоод цаашдаа евро-5 стандартын бүтээгдэхүүнд шилжих бодлогыг барьж байна.

Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн импортлоход тусгай зөвшөөрөл гэж байхгүй.

Эрдэнэс Тавантолгойн IPO-н асуудлаар:

- Эрдэнэс Тавантолгойн IPO хийх ажил ямар шатандаа явж байгаа вэ. Энэ онд амжуулна гээд яриад байгаа. Амжих уу?

Сайд Д.Сумъяабазар:

- IPO хийх бэлтгэлээ нэлээн сайн хангачихсан байгаа. Үүн дээр би ойлголцлын нэг тайлбарыг өгмөөр байна. Одоо байгаа компаниараа хөрөнгийн бирж дээр гарна гэхээр зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байгаа. Түүний хоёр тусгай зөвшөөрөлтэй орд буюу баруун, зүүн Цанхид үйлдвэрлэлийн нөөцүүдээ тооцоолоод ТЭЗҮ-ээ үндэслэн олборлолт хийж байна. Бусад ордууд хайгуул дахин хийх, нөөцийг дахин баталгаажуулах шаардлагатай. Тэгэхгүйгээр бөөнөөр нь хөрөнгийн бирж дээр гаргах нь эрсдэлтэй. Тийм учраас баруун, зүүн Цанхийн аль нэг нь охин компани хэлбэрт орж байж хөрөнгийн биржид гаргах нь зүйтэй хэмээн салбарын сайдын хувьд үзэж байгаа.

Нэг дор бөөнөөр нь гаргах уу эсвэл нөөцөө өсгөөд хөрөнгийн үнэлгээгээ үе шаттай хийгээд явах уу гэдэг дээр мэргэжлийн хүмүүстэй ярилцаж зөвлөлдөөд саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Нийт найман тусгай зөвшөөрлийнхөө биш зөвхөн зүүн Цанхийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргах байр сууриа Засгийн газарт танилцуулсан. Энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдэхээр болсон.

Охин компани байгуулах асуудлыг 2018 оны ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулаад зөвшөөрлөө авчихсан. Одоо Засгийн газрын шийдвэр гаргуулахаар ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

- Олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх тогтсон стандарт гэж байгаа. Монгол Улсын хувьд төрийн өмчит компаниа анх удаа гаргах гэж байгаа учраас дотооддоо бичиг баримт, нөөцийн мэдээлэл, санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежментийн чиглэлээр тогтоосон дүрэм, журам, акт гээд бүх асуудлаа зохицуулах ёстой. Ингээд бүгдийг нь орчуулганд өгдөг. Олон улсын шинжээч, санхүүгийн стандартад нийцсэн хэлбэрт оруулдаг. Энэ ажил маань 80 гаруй хувьтай явж байгаа.

Сайдын хэлснээр охин компани байгуулаад, охин компаниасаа IPO гаргаж, тэндээсээ хөрөнгө босгох хувилбараар түлхүү ажиллаад явж байна. Компани дээр олон улсын дөрвөн зөвлөх, санхүүгийн шинжээч, аудитын байгууллага ажиллаж байгаа. Охин компани байгуулагдсан тохиолдолд манай IPO хариуцсан нэгж болон гадны байгууллагууд тийшээ шилжиж ажиллах юм.

Оюутолгойн асуудлаар:

- Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт гарчихсан. Дүгнэлттэй холбоотойгоор ямар нэгэн арга хэмжээ авах уу. Та сайд болохдоо ТУЗ-ийн гишүүдийг солино гэх асуудал ярьж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Сайд Д.Сумъяабазар:

- Оюутолгой Монгол Улсын эдийн засгийн салшгүй нэг хэсэг болчихоод байгаа нь, улсын төсөвт жин дарж байгаа нь үнэн. Оюутолгойд шуудаар 17,000, шууд бусаар 45,000 монгол хүн ажиллаж байгаа. Энд өнөөдөр гадны хөрөнгө оруулагчид 10 тэрбум ам.долларын хөрөнгөө оруулаад явж байгаа нь ч үнэн. Тийм учраас энэ асуудлыг ухаантай шийдэх ёстой.

Оюутолгойн асуудлыг их нухацтай, зарчимтай байдлаар гадны хөрөнгө оруулагчидтай ярилцах ёстой гэж үзэж байгаа. Дубайн гэрээг бид зөвтгөөгүй. Тус гэрээг засаж сайжруулах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тавина.

Хувь нийлүүлэгчтэй холбоотой зээлийн санхүүжилтийн хүү, татвар, эрчим хүч, өмнийн говийн бүтээн байгуулалт хөгжил гээд дөрвөн асуудлыг шийдэх ёстой.

ТУЗ-ийн гишүүдийн асуудлаар саналаа хүргүүлсэн. Үүнийг Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэнэ. Миний дангаар шийдэх асуудал биш.