Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ долоо хоногт Франц улс түүхэн дээд хэмжээндээ хүрч хална

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Энэ долоо хоногт Франц улс түүхэн дээд хэмжээндээ хүрч хална
Sara, ikon.mn - text to speech

Энэ долоо хоногийн дундаас эхлэн Европ тивийн баруун хэсгийг халуун агаарын урсгал нөмрөх гэж байна.

Жил бүрийн долдугаар сарын сүүлч, наймдугаар сард агаарын хэм хамгийн дээд хэмжээндээ хүрдэг бол энэ удаа зургаадугаар сард ингэж халж байгаа нь онцгой ховор үзэгдэл юм.

Франц улсын өмнөд бүсийн зарим хотуудад ирэх Баасан гарагт Цельсийн 45 хэм хүрч халах таамгийг цаг уурчид гаргажээ. 2003 оны наймдугаар сарын 12-нд тус улсын хоёр өөр цэгт агаарын температур Цельсийн 44.1 хэм хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлтэд тооцогддог юм.

Энэ удаагийн халалт Испаниас Чех хүртэл улсуудыг хамарч, долоо хоног орчим хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа.

Атлантын далайд үүссэн салхи, төв Европын агаарын даралт нэмэгдсэнтэй давхцаж, Сахарын цөлийн халуун агаарыг умар зүгт шилжих боломж олгосон нь энэ удаагийн их халалтын шалтгаан болж байгаа гэнэ.

2003 онд Европ тивийг дайрсан их халууны улмаас нийтдээ 70,000 орчим хүн амиа алдаж байжээ.

Их халууныг хохирол багатай давахын тулд Парис хотын захиргаа усан сангууд нэмж байгуулах, одоо байгаа усан сангуудаа 24 цагаар ажиллуулах, сэрүүцэх өрөөнүүдийг байгуулах, гудамж талбайд ундны усны хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг аваад байна.

 

Эх сурвалж: The Guardian