Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабве улс зэрлэг заан экспортлох хүсэлтэй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Зимбабве улс зэрлэг заан экспортлох хүсэлтэй байна
Sara, ikon.mn - text to speech

Зэрлэг зааны сүргийн тоо толгой нь хэт нэмэгдэж, хүн амтай нь газар нутаг булаацалдах болсон тул Зимбабве улс худалдаж авах хүсэлтэй аль ч улсад энэхүү аварга амьтныг зарах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Африкийн Холбоо, НҮБ-аас зохион байгуулсан байгаль хамгаалах чуулганы төгсгөлд Зимбабве улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва тус улсын 84,000 орчим тоо толгойтой заан сүргийг 50,000 болгон бууруулах хүсэлтэйгээ мэдэгдсэн байна.

“Жишээ нь манай умард хөршийн ахан дүүс маань байгалиа устгаж сүйтгэсэн байгаа. Тэдэнд бид заан зарах, зарим хэсгийг нь хандивлах хүсэлтэй байна” гэж тэр ярьжээ.

Ингэхдээ тэр олон жил иргэний дайны хөлд нэрвэгдсэн Ангол улсыг хэлсэн байна. Ангол улс иргэний дайны үеэр газарт булсан минануудыг цэвэрлэж дуусаад зэрлэг зааныг дахин нутагшуулахаар бэлдэж байгаа юм.

Олон төрлийн зэрлэг амьтад газрын минаны аюулаас дайжиж, энэ улсын байгалийн тогтолцоо алдагдаад байгаа.

Тавдугаар сард Зимбабве улс нийт 90 гаруй зааныг Хятад, АНЭУ улсуудад $2.7 саяар зарсан байна.

Заан зарж олсон мөнгийг байгаль хамгаалах үйлсэд зарцуулахаа тухайн үед эрх баригчид амлаж байжээ.

Мнангагва бас зааны соёоны худалдаанд тавьсан олон улсын хоригийг цуцлахыг уриалсан байна. Тус улсад одоо нийт $600 саяар үнэлэгдэх хэмжээтэй зааны соёо, хирсний эвэр хуримтлагдаад байгаа ажээ.

Зимбабвегийн хөрш Ботсвана, Намиби, Замби, Өмнөд Африк улсууд мөн хоригийг цуцлахыг хүсэж байгаа.

Эдгээр улсуудад дэлхийн заан сүргийн талаас илүү хувь нь амьдардаг бөгөөд зааны соёоны олон сая ам.долларын нөөцтэй болоод байгаа. Уг баялгаа мөнгө болгож, байгаль хамгаалах үйлсэд зарцуулах сонирхлоо тэд сүүлийн үед илэрхийлэх болсон юм.

 

Эх сурвалж: CNN