Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Трампыг “сэтгэцийн өвчтэй” гэсний хариуд Ираныг “устгана” гэж сүрдүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Трампыг “сэтгэцийн өвчтэй” гэсний хариуд Ираныг “устгана” гэж сүрдүүлэв
Sara, ikon.mn - text to speech

АНУ, Ираны сөргөлдөөн өчигдөр хувь хүмүүсийн хоорондын хэрүүл маргаан хэлбэртэй болж өргөжлөө.

Саяхан Дональд Трамп эдийн засгийн шинэ хориг зарлахдаа Ираны дээд удирдагч Аль Хамени, армийн найман командлагчийг хамруулсан юм.

Мөн Ираны гадаад хэргийн сайд Жавад Зарифийг хар жагсаалтад оруулна гэж сүрдүүлсэн.

Тэгвэл өчигдөр Ираны ерөнхийлөгч Хассан Рухани тус улсын дээд удирдагч Хаменийг эдийн засгийн хоригоор шийтгэсэн нь “хэрээс хэтэрсэн тэнэглэл” гээд АНУ-ын ерөнхийлөгчийг “сэтгэцийн өвчтэй” хэмээн доромжилжээ.

Түүний үзэж байгаагаар гадаадад ямар ч эд хөрөнгөгүй, АНУ руу аялах ямар ч төлөвлөгөө байхгүй 80 настай шашны зүтгэлтэн Хаменид хориг тавих нь жинхэнэ галзуу хүний үйлдэл гэнэ.

Энэ мэдэгдлийн дараа Дональд Трамп твиттер сүлжээгээр уур хилэнгээ ил гаргасан байна.

Тэр “АНУ бол зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд $1.5 их наядыг батлан хамгаалах зардалдаа зориулсан дэлхийн хамгийн хүчирхэг армитай улс гэдгийг тэд ойлгодоггүй бололтой. Ираны дэглэм IED, EFP бөмбөгнүүдийг ашиглан 2,000 орчим Америк хүний амийг хөнөөж, үүнээс ч олон хүнийг эрэмдэг болгосныг АНУ мартаагүй байгаа. Америк руу хийсэн Ираны ямар ч халдлагыг бид асар хүчтэй цохилтоор хариулах болно. Зарим тохиолдолд энэ нь газрын хөрснөөс арчих устгал байх болно” гэж бичжээ.

Тэдний хоорондоо солилцсон мэдэгдлүүд нь 2017 оны сүүлээр АНУ, Умард Солонгосын удирдагчдын хооронд өрнөж байсан хэрүүл маргааныг санагдуулж байна.

Тухайн үед Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгчийг “сэтгэцийн өвчтэй, зөнөг хөгшин” хэмээн доромжилж байжээ.

Гэвч өнөөдөр Дональд Трамп, Ким Жон Ун нар найрсаг харилцаатай болж, халуун дулаан үгтэй захидал солилцдог болоод байгаа. 

Харин Вашингтон, Тегераны харилцаанд ойрын үед ийм өөрчлөлт гарах шинж харагдахгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian