Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Батсуурь: ОУВС үүргээ гүйцэтгэхийн тулд аль нэг улс дампуурч байх ёстой биз дээ

М.Туяа, Үндэсний шуудан
2019 оны 6 сарын 26
Үндэсний шуудан
Зураг зураг

Эдийн засагч Х.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-ОУВС-ийн хөтөлбөр тодорхой хугацаанд гацаанд ороод байна. Монгол Улс төсөв санхүүгийн бодлогоо өнгөрсөн хугацаанд ОУВС-аар бариулж, арилжааны банкнууд хүртэл мэдээллээ шалгууллаа. Одоо дахиад санхүүгийн салбарт нарийвчилсан шалгалт орох гэж байгааг судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ? 

-Монгол Улсын эдийн засаг бие даасан хараат бус байж чадаж байна уу гэвэл, үгүй. Болж өнгөрсөн үйл явдлуудын өрнөл, одоогийн бодит нөхцөл байдлыг үзэхэд, яах ч аргагүй гаднаас хараат, эдийн засгийн бодлогоо өөрсдөө бие даан явуулж чадахгүй байгаа нь тодорхой харагдаж байна.

Зөвхөн ОУВС-аас хамааралтай болсон гэвэл, бас учир дутагдалтай. ОУВС төдийгүй Монголд үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан корпорацууд болон гадаад улс орнуудаас хамааралтай бодлого хэрэгжиж байгаа. 2017 онд үүссэн нөхцөл байдлын улмаас Монгол Улс зургаа дахь удаагаа ОУВС-ийн авралын хөтөлбөрт хамрагдсан. Үүнийгээ “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гэж сайхан нэрлэсэн. 

Аврал эрж очихоос өөр аргагүй байдал үүсгэсэн л дээ. Монгол Улс 1990 оноос хойш зургаа дахь удаагийн хөтөлбөртөө хамрагдаж байна гэж үзвэл, тогтвортой бие даасан төсөв санхүүгийн бодлого үндсэндээ байсангүй.

Дунджаар 4-5 жил болоод л дампуурал руу хөтөлдөг, улмаар гаднаас тусламж эрдэг байдалтай болчихлоо. Ийм эмгэнэлтэй эдийн засгийн тогтолцоо явж ирснийг өнгөрсөн хугацааны түүх харуулж байна. 

Одоо цалин нэмэх, зорилтод бүлэгтээ нийгмийн халамж өгөх, аль нэг компанийн дансыг Монголд байрлуулах зэргийг ОУВС, эсвэл үндэстэн дамнасан корпорацуудаас асууж байж шийдвэр гаргадаг нь төрийн бодлого гадаадаас хараат гэдгийн тод илрэл болж байгаа юм. Манай улс дампуурах ирмэгт хүрмэгцээ ОУВС-ийн аргачлалаар бодоод 400 гаруй сая ам.доллар авах эрхтэй болсон.

-Энэ мөнгөөр барьцаалагдсан бодлого хэрэгжээд байгаа нь олон хүний шүүмжлэлд өртөөд байна. Одоо арилжааны банкнуудад дахиад шалгалт орно. Ямар учиртай шалгалт вэ. Судлаачийн үүднээс тодорхой тайлбарлаж өгөхгүй юү?

-Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээл олгохоор болсон. Энэ нь тодорхой болзол, нөхцөлтэй. Улирал бүр тавьсан нөхцөлийнхөө хэрэгжилтэд шалгалт хийж, үргэлжлэх эсэхийг нь шийдээд явж байгаа. 

Нэг талаасаа улсын дотоод хэрэгт оролцож, хараат байдалд орууллаа гэж харж байна. Ийм байдалд оруулсан нь үнэн. Гэхдээ сүүлийн үеийн зөвлөмжүүдээс харахад, гарцаагүй авч хэрэгжүүлэх ёстой зүйлүүд бий. 

Монголын банк санхүүд 29 жилийн турш бугшиж ирсэн алдаа дутагдал, завхралыг зах зухаас нь хэлж ярьж эхэлсэн гэвэл, үр дүнтэй харагдаж байгаа юм. Тухайлбал, банк санхүүгийн систем эрсдэлтэй ажиллаж буйг тогтоосон явдал.

Авралын хөтөлбөрийн хүрээнд 2017-2018 онд банкны салбарт хийсэн шалгалтаар эрсдэл илэрсэн арилжааны голлох банкнуудад шаардлага тавьсан. Шаардлагынхаа хэрэгжилтийг одоо эргээд шалгаж байна. Арилжааны банкнууд ямар эх үүсвэрээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэв гэдгийг шалгах шаардлагатайг анхнаасаа хэлж байсан.

Монголын эдийн засгийг тооцож үзэхэд, энэ дутагдлыг дотоодын нөөц бололцоогоор нөхөх боломж муутай. Тиймээс хаанаас ямар мөнгө гараад ирснийг шалгаж байгаа юм билээ. Үүнийг шууд үгүйсгэхэд хэцүү. 

Олон улсын банк санхүүгийн салбарт өрнөж буй мөнгө угаах, терроризмын эсрэг үйл ажиллагаатай холбоотой сэргийлэх арга хэмжээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр ОУВС-ийн шаардлага дан ганц эдийн засгийн гэлтгүй олон улсад өрнөж буй улс төрийн үйл явдлуудтай уялдаатай гэж тайлбарлаж болно. Энэ нь ч харагдаж байгаа.

-Банкны бизнес итгэлцэл дээр тогтдог шүү дээ. Энэ утгаараа арилжааны банкны хувь хүний буюу харилцагчийнхаа нууцыг хадгалах үүрэгтэй байгууллага. Тэр болгоныг ОУВС-д тайлагнах нь олон хүний дургүйцлийг төрүүлж байх шиг байна?

-Хувь хүний мэдээллийг гаргах эсэхийг мэдэхгүй юм. Банкны санхүүгийн бичиг баримтуудыг шалгахаас харилцагчдын мэдээлэл рүү орохгүй болов уу.

-Олон улсад ингэж шалгуулсан тохиолдол байдаг юм уу? 

-Европт энэ шалгалт хүчтэй явагддаг. Монголын арилжааны банкнууд олон улсын банкнуудад хэрэгждэг хяналтаас хол хөндий явж ирсэн учраас ийм шаардлага тавигдаж байгаа. Монголын банкнууд цаашид олон улсад гаръя гэвэл зайлшгүй шалгуурыг давах ёстой. 

Одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн банк манайд байгаа гэж хэлэхэд хэцүү. Олон улсын гүйлгээ хийдэг боловч хангалтгүй гэж үздэг. Гадаадын ганцхан том корпорац орж ирээд үйл ажиллагаа явуулах гэхээр шаардлагыг нь хангах үйлчилгээтэй банк алга гэсэн шүүмжлэлийг олонтаа сонссон байх. 

-Үндэстэн дамнасан корпорацууд хэдийнээ манайд улсад ороод ирчихсэн үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн ам.долларын гүйлгээний дансыг Монголд байршуулах асуудал УИХ дээр яригдахад, ОУВС-аас зөвшөөрөөгүй гэдэг үндэслэл гарч байсан. Тэр ямар учиртай тайлбар вэ?

-Энэ тохиолдолд бол ОУВС арай л хэтэрхий Монгол Улсын дотоод бодлогод оролцсон үйл ажиллагаа болсон. Өгч буй зээлээрээ бүхэл бүтэн тусгаар тогтносон улсыг барьцаалсан, хөтөлбөрөө тулгасан гэж би хувьдаа хардаг. 

Гэхдээ үндэстэн дамнасан корпорацуудын Монголд дансаа байршуулахгүй байх нэг шалтаг нь банк санхүүгийн салбар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүйтэй холбоотой. Шилэн бус, жижиг гэж голдог. Ингэж харвал, хүлээн зөвшөөрч болохуйц шаардлага.

Харин арилжааны банк шаардлагыг нь хангахгүй гэхэд, төр баталгаа өгөөд Монгол банканд данс нээлгэж болох санал тавьсан байдаг. Энэ бол маш зөв зүйтэй алхам. Төв банк ганц хоёрхон үндэстэн дамнасан корпорацын данс гүйлгээг хангаад явахад болохгүй юм байхгүй. Засгийн газрын бүх гадаад гүйлгээний данс Төв банканд байдаг. Үүнтэй адил шийдвэрлэж болно. Гэтэл үүнийг зөвшөөрөөгүй.

-Монголчууд дотоод гадаадын эдийн засгийн “алуурчид”-ын гарт орчихлоо гэдэг. Улмаар ОУВС дээр гүйж очдог мөчлөгтэй болсон талаар ахимаг насны эдийн засагчид голдуу хэлэх юм. Энэ үнэний ортой юу?

-ОУВС ганцхан үүрэгтэй байгууллага. Тэр нь юу вэ гэхээр, дампуур-сан, хямралд орсон улс орнуудад авралын зээл өгдөг ганц л үүрэг. Тэгэхээр ОУВС үүргээ гүйцэтгэхийн тулд, дэлхийн хаа нэгтээ аль нэг улс дампуурах ёстой биз дээ. Тэгж байж ОУВС-ийн хэрэг гарна. Анх Монгол Улс зах зээлийн нийгэм рүү шилжихэд ОУВС орж ирсэн. 

Хоёр, гурав гээд зургаа дахь удаа Монгол Улс зээл авч байна. Энэ давтамж олгосон зээлүүд нь үр дүнгээ өгдөг гэсэн баталгаа мөн үү. Үндсэндээ Монгол Улс таван удаа зээл авчхаад байхад, хямралын мөчлөг нь 4-5 жилээр эргэсэн хэвээр байгаа. Үүнээс маш тодорхой “ОУВС-ийн өгч буй зээл, санхүүгийн зөвлөмжүүд үр дүнгээ өгөхгүйгээс гадна сөрөг үр дүн авчирч байна” гэдэг дүгнэлтийг хийж болохоор байна. 

Нөгөө талаар манай улс дотооддоо зөв бодлого явуулж сурахгүй байна. ОУВС-ийн үйл ажиллагаа, олон улсын эдийн засгийн хөгжил гэдгийг огт ойлгоогүй байна. Олон улсын түвшинд хөгжил гэж юу вэ гэдгийг ойлгоогүй нөхөд одоо болтол Сангийн сайд, Хөдөө аж ахуйн сайд хийгээд явж байна шүү дээ.

Монгол Улсын төсөв санхүү ердөө 5-6 хүний гарт л сүүлийн 30 жил эргэлдлээ. Нөгөө өрөнд оруулсан, дампууруулсан, хямраасан нөхөд яг хуучин бодлогоороо засаг бариад явж байна.

-Хүндээ байдаг, үгүйг мэдэхгүй юм. ОУВС-ийн хөтөлбөр авах үед хөрөнгө оруулалт нэмэгдээд, гадаад талдаа ч түүхий эдийн эрэлт өсөх юм. Энэ хоёр уялдаатай байж болох уу?

-Мэдээж, Монгол Улсад санхүүжилт орж ирээд, төлбөрийн чадвартай болохоор уул уурхайд итгэх итгэл өснө. Итгэл нь юугаар илэрдэг вэ гэхээр, уул уурхайн компаниудад өгч буй гаднын зээл нэмэгдсэнээр хэмжигддэг. Үүнтэй уялдуулан ойлгож болно.

-ОУВС-ийн хөтөлбөр энэ чигээрээ үргэлжилсэн тохиолдолд 2020 оны эхний хагаст дуусах хуваарьтай байгаа. Хөтөлбөр дууссан тохиолдолд монголчууд бие даагаад төсөв санхүүгээ авч явж чадахгүй ч юм шиг тайлбар явах боллоо. Тэр үеийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ? 

-Нэг жил орчмын хугацаа байна. Бид энэ хугацаанд зоригтой арга хэмжээ авч чадвал цаашид бие даасан бодлого явуулах бүрэн бололцоотой. Гэхдээ яг одоогийн бодлогоор үргэлжилбэл, цаашдаа дампуурах эрсдэл өндөр хэвээр байна. Одоо зөвхөн зээл тусламжид тулгуурласан сангийн бодлого хэрэгжүүлж байгаа.

Монголд эдийн засгийн нөөц бололцоо асар их бий. Харин эрх ашгийн бүлэглэлүүдэд үйлчилсэн бодлогод дөрлүүлчхээд байгаа юм. Эдийн засаг тэдний эрх ашгаар хөдөлж байгаа нөхцөл тогтвортой байна гэдэг ойлголт үндсэндээ байхгүй. Энэ бодлогоор явбал, ОУВС-ийн хөтөлбөрийн дараа байдал үнэхээр хүндрэх нөхцөл харагдаж байна.

Хамгийн наад захын жишээ дурдахад, Монгол Улсын нийт гадаад өр түүхэнд байгаагүй том хэмжээнд очиж, 29.5 тэрбум ам.доллар болсон.Үүний 10-аад тэрбум нь Засгийн газрын өр.

 

Зураг