Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ, АНУ, Канадын сансрын нисгэгчид зургаан сарын дараа дэлхийд газардлаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
ОХУ, АНУ, Канадын сансрын нисгэгчид зургаан сарын дараа дэлхийд газардлаа
Sara, ikon.mn - text to speech

Тойрог замд зургаан сар гаруй хугацаанд ажилласан олон улсын багийн гурван гишүүн өнөөдөр өглөө дэлхийд амжилттай газарджээ.

Оросын сансрын нисгэгч Олег Кононенко, АНУ-ын Энн Макклэйн, Канадын Дэвид Сэйн-Жак нарыг тээвэрлэсэн капсул Казахстаны Жезказган хотын орчимд буусан байна.

Гурван сансрын нисгэгч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд дэлхийгээс хөөрч байсан юм.

Тэдний өмнө аравдугаар сард хөөрсөн Союз хөлөгт гэмтэл гарч, Оросын Алексей Овчинин, АНУ-ын Ник Хаг нар хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа ослын буулт хийж байв.

Сансрын нисгэгчид эсэн мэнд газардсан ч энэ нь Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойшх Оросын сансрын аялалын түүхэнд анхны ийм төрлийн гэмтэл болсон юм.

Уг гэмтлийн дараа анхны сансарт ниссэн хүмүүс байсан тул Кононенко, Макклэйн, Сэйн-Жак нарт сэтгэл зүйн нэлээд дарамт байсан гэдэг.

Анх удаа сансарт ниссэн Сэйн-Жак Канадын сансрын түүхэнд хамгийн удаан тойрог замд ажилласан хүн болж байгаа. Тэрээр 187 хоног тойрог замд ажилласан улсынхаа өмнөх дээд амжилтыг 204 хоног болгон ахиулжээ.

Кононенко нийлбэр дүнгээр тойрог замд 737 хоног ажиллаж дэлхийн дээд амжилтын зургаадугаарт бичигдэж байна. Тойрог замд хамгийн олон хоног өнгөрүүлсэн дээд амжилтыг Оросын Геннадий Падалка 2015 онд 879 хоногоор тогтоосон байдаг юм.

2011 оноос хойш дэлхийн улс орнуудаас ганцхан ОХУ сансарт хүн нисгэж байгаа. Одоохондоо Оросын хөлөгт суудал түрээсэлдэг АНУ удахгүй өөрийн хөлгөөр сансарт нисдэг болохоор шаргуу ажиллаж байна.

 

Эх сурвалж: AFP