Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

О.Магнай: 70 кг байтугай долоон грамм хар тамхины асуудал гарахад салбарын сайд нь хариуцлага хүлээх ёстой

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон цаг үеийн асуудлаар Ардчилсан намын зарим гишүүн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Жагсаал болгоныг 40 сая төгрөгөөр хийх тийм хөрөнгө санхүүгийн боломж манай намд байхгүй

 
Гэрэл зургийг Mpa.mn

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай “Ойрын хугацаанд зарим яамны гадаа иргэдийн эсэргүүцлээ илэрхийлсэн жагсаал цуглаан болсон. Харамсалтай нь эдгээр тэмцлийг эрх баригчид төдийлөн анхаарсангүй, ямар нэг албан тушаалтан хариуцлага хүлээсэнгүй.

Тухайлбал, 70 килограмм хар тамхийг манай улсын дипломатууд хилээр зөөж байгаад баригдсан. Энэ бол Герман Улсын нутаг дэвсгэр дээр бүх цаг үеийн түүхэнд дипломат хүмүүсийн хар тамхины хэргээр баригдсан тохиолдлын хамгийн их хэмжээтэй хар тамхи юм. 

Харин энэ асуудалд эрх баригчид хэнтэй ч хариуцлага тооцсонгүй. 70 килограмм байтугай долоон грамм хар тамхины асуудал гарахад салбарын сайд нь хариуцлага хүлээх ёстой. Уг нь Д.Цогтбаатар гэдэг хүнийг нийгэмд өндөр ёс суртахуун, боловсролтой хүн гэж ойлгодог ч энэ 70 килограмм хар тамхины хэрэгт тэр сандал ширээтэйгээ зууралдаад  үлдэхээр шийдсэн бололтой.

Мөн зөвхөн "тэмбүүтэй тэмцэнэ" Эрүүл мэндийн сайдын хариуцлагагүй мэдэгдлээс болж Аялал жуулчлалын компаниудад захиалга өгсөн нийт жуулчдын 20 хувь нь захиалгаа буцааж байна. Энэ бол туйлын хариуцлагагүй үйлдэл. 

Манай улсад жилд дунджаар 250 мянга орчим жуулчин ирдэг гэж тооцвол 40-50 мянган жуулчин Монголд ирэх аяллаа цуцалсан гэсэн үг. 

Түүнчлэн ойрын өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар иргэд тэмцсэн. Ардчилсан нам 1990 оны хувьсгалыг манлайлж хийсэн улс төрийн хүчний хувьд иргэдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн шударга ёсыг тогтоохын төлөөх бүхий л тэмцлийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэмжиж ирсэн. Цаашдаа ч дэмжих болно.

Харин зарим эрх баригчдыг ярьж байгаа шиг жагсаал болгоныг 40 сая төгрөгөөр хийх тийм хөрөнгө санхүүгийн боломж манай намд байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна.

Уг нь нийгэмд Хууль зүй дотоод хэргийн сайдын хийх ажил их бий. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдийн сэтгэлд нийцсэн ажил хийсэнгүй. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг ч шударгаар шийднэ гэж хүлээж байсан. Энэ асуудал аль шатандаа гацсаныг мэдэхгүй ч нийгмийн хүлээлтийг Хууль зүйн сайд биелүүлж чадахгүй байна. 

Өнгөрсөн яамнууд дээр болсон жагсаал цуглааны үеэр цагдаагийн байгууллагын зарим ажилтан "Жагсаал цуглааны журмын тухай хуулийг дур мэдэн тайлбарлаж, иргэдийг айлгах оролдлого хийж байгаа зүйл ажиглагдсан.

Жагсаал цуглааны журмын тухай хууль бол иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хууль юм. Иргэд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл ямар ч тохиолдолд жагсаж, цуглах эрх нь нээлттэй. Иймд тэдгээр иргэдэд хэрэг үүсгэж, дарамтлах ёсгүй гэдгийг Цагдаагийн байгууллагын удирдлагуудад мэдэгдмээр байна" гэв.

 Засгийн газар Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх ёстой 22 зүйл заалт арга хэмжээнээс 17 дээр нь муу дүн авсан

 
Гэрэл зургийг Mpa.mn

АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа “Эрүүл мэндийн салбарт гарч байгаа зарим асуудалтай холбоотойгоор бид Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хариуцлага хүлээлгэх шаардлага удаа дараа тавьсан ч хариу ирсэнгүй.

Өмнө нь Зам тээврийн яаманд хариуцлагагүй байдал гарахад У.Хүрэлсүх сайд танхимаасаа хариуцлага хүлээлгэж, огцруулах шаардлага тавьж байсан. Гэтэл эхийн эндэгдэл 2017 оноос хойш нэмэгдэж, сүрьеэгийн дэгдэлт гарч, салбарын сайдын удаа дараагийн хариуцлагагүй мэдэгдлүүд улс эх орныг цочроогоод байхад Ерөнхий сайд хариуцлага хүлээлгэх үйл ажиллагаа явуулахгүй байна.

Өчигдөрхөн "Өргөө" амаржих газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ. Эрүүл мэндийн салбарын сайдыг хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэснээс биш нэг асуудал гарахад аль нэг даргаар нь туг тахиад, өөрөө ард нь асуудлаас зугтаасай гэж бид жагсаагүй. Энэ хариуцлагыг байгууллагын дарга биш, салбарыг ахалж байгаа сайд нь хүлээх ёстой.

Эрүүл мэндийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой 22 зүйл заалт арга хэмжээнээс 17 дээр нь муу дүн авсан. Энэ асуудлыг яагаад ярихгүй үлдээв. 

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүсийн дарга ноён Такаши Касай айлчлан ирсэн. Үүнтэй холбоотойгоор бид өчигдөр жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч эрх баригчдын хааж дарамталсны улмаас зөвшөөрөл гарсангүй" гэлээ.

Ийм байдлаар үндсэн хуулийн өөрчлөлт хийж болохгүй

 
Гэрэл зургийг Mpa.mn

АН-ын Нарийн бичгийн дарга Д.Оросоо “Эрх баригчид үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэвшүүлээд явж байна. Тэд 2000 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь дордохын долоон өөрчлөлт болж Монголын үндсэн хуульт ёсны түүхэнд хараар бичигдэж үлдсэн. Үр дагаврыг нь бид 19 жил амсаж байна. 

Өнөөдөр эрх баригчид хоёр дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь бүр долоон дор үр дагаврыг үүсгэнэ гэж бид санаа зовж байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг есөн жил болгох гэж байна. Энэ нь Монгол Улс цаашдаа парламентаас Үндсэн хуульд өөрчлөлт хийж, Цэц хянадаггүй байх зарчим руу оруулна.Энэ бол Үндсэн хуулийн авлигал.

Мөн энэ өөрчлөлтөөр Засаг захиргаа, улс төрийн нэгжийн тогтолцоог мөн өөрчлөх гэж байна. Энэ нь цаашдаа сум дүүрэг, аймаг нийслэлийн иргэдийн хурлыг нэгтгэнэ гэсэн үг. Энэ байдлаас давхар дээлтэй төлөөлөгч нар бий болно.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг бол одоо байгаа хуулийнхаа суурь зарчимд нийцэх ёстой. Гэтэл тэд Үндсэн хуулийн агуулга, зарчимд байхгүй зүйлийг ярьж байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт биш. Шинэ үндсэн хуулийн түвшинд,Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын түвшинд яригдах ёстой асуудлыг нэмэлт өөрчлөлт нэрийн дор Үндсэн хууль руу чихэж оруулж байна. Ийм байдлаар үндсэн хуулийн өөрчлөлт хийж болохгүй" гэв.