Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: М.Энхсайханыг "гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэрч шууд заасан" гэх үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-аас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилсан ч шүүхээс хууль бусаар баривчилсан байна хэмээн сулласан энэ талаар тайлбар өгөөч?

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуульд заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Тус хуулийн 1.3-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэрч шууд заасан гэх үндэслэлээр прокурорын хяналтан дор баривчлах ажиллагаа явагдсан. Үүн дээр хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Хууль заасан эрх хэмжээнийхээ хүрээнд явуулсан ажиллагаа.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Ямар үндэслэлээр шалгаж байгаа талаар тодорхой мэдээлэл надад алга байна.

- "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг ямар шатанд байгаа вэ, хоригдож байгаа юу?

- "Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох хэрэг шүүхийн шатанд байгаа. Шүүхээс манайд буцаж ирээгүй.

- Хөгжлийн банкны хэрэгт ахиц гарсан уу, хэчнээн хүн, компанийг шалгаж байгаа вэ. "Эрэл"-ийн гэх П.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

- Өмнөх хурлууд дээр хэлж байсан. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой маш олон хэрэг олон жил дамжаад шалгагдаад явж байгаа.

Тодорхой нэр, үйлдэл заасан мэдээлэл байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөн шалгах ажлын явцын мэдээлэл надад байхгүй.

Прокуророос манайд анхааруулга ирсэн учраас мөрдөн шалгах хэлтсийн төлөөлөл хэвлэлийн хуралд оролцох боломжгүй болсон.