Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Рагчаасүрэн: Багш, эмчийн цалинг 2024 онд 2 сая төгрөгт хүргэх хөтөлбөрийг бэлэн болгосон

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Багш, эмч нарын цалин нэмэх боломжийн талаар Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-ын Бодлого судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач, зөвлөх, Эдийн засгийн ухааны доктор Г.Рагчаасүрэнтэй ярилцаж, тодрууллаа.

Др.Рагчаасүрэн Их британийн Манчестер их сургуульд докторын зэрэг хамгаалсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн макро эдийн засагч, судлаачдын нэг юм.

- Хөдөлмөрийн Үндэсний намаас багш, эмчийн цалинг 2024 онд 2 сая төгрөгт хүргэнэ гэсэн амлалт гаргалаа. Энэ судалгааг удирдаж ажилласны хувьд танаас хэдэн зүйл асуух гэсэн юм. Энэ үнэхээр биелэхээр амлалт уу?

- Улс төрчдид, эрх баригчдын хүсэл байвал биелэх бүрэн боломжтой.

Учир нь нэмэлт санхүүжилт хайлгүйгээр зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт болон бараа үйлчилгээний бусад зардлын өсөлтийг удаашруулах замаар багш, эмч нарын цалинг нэмж болно.

Төсвийн алдагдал, улсын өрийг өөрчлөхгүйгээр. Яагаад улс төрчдийн хүсэл чухал вэ гэхлээр, төсвийн хөрөнгө оруулалтыг өндөр байлгах гэсэн хүсэл эрх мэдэлтнүүдэд байдаг.

Энэ зардал нь авлига, хээл харуулийг өөгшүүлж, албан тушаалтны мөнгө хийх боломжтой зардал гэдгийг хүн бүр мэдэж байгаа гэж бодож байна. Тэгэхээр сонгуульд маш их зардлаар гарч ирсэн улс төрчид, дарга сайд нар энэ зардлыг бууруулах хүсэл байна уу гэдэгт л байгаа юм.

Олон улстай харьцуулахад манайх төсвийн хөрөнгө оруулалтаараа  үр ашиг маш муутай улсуудын тоонд ордог.

- Цалин ингэж нэмэхэд хэдий хэмжээний мөнгө хэрэг болж байгаа бэ, хаанаас гаргах бэ. Судалгаанаасаа танилцуулахгүй юу?

- Төрийн албан хаагчдын тоо 2018 оны байдлаар 193 мянган хүн байсан.

Үүний 70 орчим мянга нь багш, эмч нар байгаа бөгөөд цаашид жил бүр хүн амын өсөлтөөр өснө гэж үзсэн. Тэдний цалинг 2024 он гэхэд тэр үеийн улсын дундаж цалин болох сарын 2 сая төгрөгтэй адилхан болтол өсгөх бодлого бодсон юм. Дашрамд хэлэхэд 2018 оны байдлаар улсын дундаж цалин 1 сая орчим төгрөг, багш, эмч нарын дундаж цалин түүнээс 25 орчим хувиар бага байсан.

График,  Дундаж цалинг багш, эмч нарынхтай харьцуулбал,

 

Энэ нь багш, эмч нарын цалин улсын дунджаас илүү хурдан өснө гэсэн үг.

Ингэснээр 2020 онд 84 тэрбум, 2021 онд 173 тэрбум, 2022 онд 284 тэрбум, 2021 онд 425 тэрбум, 2022 онд 537 тэрбум төгрөг шаардлагатай болно. Үүнийг төсвийн хөрөнгө оруулалт болон бараа үйлчилгээний бусад зардлын өсөлтийг сааруулах замаар санхүүжүүлэхээр тооцсон.    

- Өмнө нь төрийн албан хаагчдын цалинг хэд хэдэн удаа нэмж байсан. Цалин нэмэхээр барааан үнэ буюу инфляц дагаад өсдөг, та нарын тооцоо ямар ялгаатай бэ?

- Хэдэн жилийн өмнө манай эдийн засгийн бүтэц өөр байлаа.

Төрийн албан хаагчдын цалин өсөх нь инфляцид өндөр нөлөө үзүүлдэг байлаа. Одоо бол өөр болсон. Одоогийн байдлаар 70 орчим мянган багш эмч нарын цалин яригдаж байна. Энэ нь нийт ажиллах хүчний 5.8%-ийг эзэлж байгаа.

Энэ утгаараа инфляцид үзүүлэх шууд нөлөө бага. Үүний зэрэгцээ төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах нь импортыг бууруулж, долларын ханшны өсөлтийг хязгаарлаж, улмаар инфляцийн хурд буурах боломж бүрдэнэ. Эцсийн дүндээ инфляцид нөлөө үзүүлэхгүй гэсэн үг.  

- Бусад нам энэ санааг хоёр сая биш дөрвөн саяд хүргэнэ гэдэг ч юм уу өрсөлдөөд, эцэст нь аль ч биш болоод үлдэх эрсдэл байгаа юу?

- Бид бодит эдийн засаг ирэх жилүүдэд дунджаар 5 хувиар өснө, дундаж инфляцийг 7 хувь гэж тооцсон.

Энэ утгаараа улсын дундаж нэрлэсэн цалин 12 хувиар өсөх болов уу. Энэ нөхцөлд, одоо байгаа 800 мянган төгрөгийг 4 сая болгохын тулд маш их инфляц бий болох шаардлагатай. Өөрөөр хэлбэл маш их мөнгө хэвлэх хэрэгтэй болно. Төсвийн алдагдал ямар болох вэ гэдгийг асуух хэрэгтэй. Мөн сарын 4 сая төгрөгийг улсын дундаж цалинтай харьцуулах хэрэгтэй. Хэрэв улсын дундаж цалин 30 хувиар өндөр байвал багш эмч нарын хувьд давуу тал үүсэхгүй бөгөөд өнөөгийн нөхцөл байдал хэвээрээ байх болно. Улс төрийн намуудын тооцоогүй амлалтын хор уршиг энэ юм. ХҮН-ын амлалт харин үүнээс эрс өөр, тооцоонд үндэслэсэн бодитой бодлого юм.