Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

А.Цивилева: Бид Азийн нүүрсний зах зээлд хамгийн ойр, энэ боломжоо тултал нь ашиглана

ikon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Европын зах зээлд нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор ОХУ-аас Польш, Герман зэрэг орнууд руу нүүрс экспортолдог компаниудын орлого 2019 он гарсаар илт татарчээ. Тухайлбал, Кузбасс, Евраз, Мечель зэрэг компаниудын Европоос олдог нүүрс экспортын орлого 4-20 хувиар буурсан байна. Тэд энэ байдалдаа яаралтай хариу арга хэмжээ авч, Азийн зах зээл, тэр дундаа Хятад, Японы нүүрсний зах зээлийг хүчтэй “онилно” гэдгээ мэдэгджээ.

Нөгөөтэйгүүр, эрчим хүчний нүүрсний үнэ дэлхий даяар ерөнхийдөө унах хандлагатай байгаа бол коксжих нүүрсний үнэ Азийн зах зээлд тогтвортой өсөлттэй байгааг Оросын компаниуд сайтар ашиглана гэж Коммерсант сонинд мэдээлсэн байна. Тодруулбал, эрчим хүчний нүүрсний үнэ Европын зах зээлд он гарсаар 54 орчим хувиар унасан байна. 

Оросын нүүрсний зах зээлийн томоохон тоглогчдын нэг Колмар группын ТУЗ-ийн дарга Анна Цивилева энэ талаар хэлэхдээ “Азийн зах зээлд, тэр дотроо Хятад, Японы зах зээлд коксжих нүүрсний үнэ сайн байна. Дээр нь бидэнд тээвэр, логистикийн хувьд давуу тал байгаа - Ази дотроо бид Хятадын зах зээлд хамгийн ойр. Энэ боломжоо дээд зэргээр ашиглахаар ажиллаж байна” гэжээ. 

Тус улсын АКРА үнэлгээний фирмийн шинжээч Максим Худалов мөн хэлэхдээ “Азийн зах зээлд коксжих нүүрсний үнэ одоохондоо таатай байгаа нь үнэн. Баруун эргийн боомтуудаар тээвэр хийсэн ч ашигтай гарахаар харагдаж байгаа” гэж тайлбарласан байна. 

Ер нь ОХУ-ын хувьд 2017 оноос хойш Ази-Номхон далайн нүүрсний зах зээлийг чиглэсэн  далайцтай бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд Хятадын нүүрсний зах зээлд байр сууриа эрчтэй тэлнэ гэдэг мэдэгдлийг тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак хийж байсан билээ.


Эх сурвалж: kommersant.ru