Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

iOS-ийн өрсөлдөгч болж чадаагүй нь Билл Гэйтсийн хамгийн том алдаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
iOS-ийн өрсөлдөгч болж чадаагүй нь Билл Гэйтсийн хамгийн том алдаа
Sara, ikon.mn - text to speech

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гэйтс нь Майкрософт хэмээх программ хангамжийн хамгийн том компанийг байгуулсан билээ.

Амжилтаар дүүрэн амьдарч ирсэн тэр ганцхан зүйлд хамгийн их харамсаж явдгаа саяхан ярьсан байна.

Менежмэнтийн алдаатай бодлого явуулсны улмаас Apple-ийн мобайл үйлдлийн систем iOS-ийн гол өрсөлдөгч болж чадаагүй нь түүний харамсаж явдаг зүйл гэнэ.

“Программ хангамжийн бизнест, ялангуяа платформын хувьд ялагч нь бүх зах зээлийг авах зарчим үйлчилдэг. Тиймээс миний хамгийн том алдаа бол Андроидын оронд Майкрософтын системийг тавьж чадаагүй явдал юм. Андроид өнөөдөр гар утасны цорын ганц ‘Non-Apple’ стандарт платформ болоод байна. Зах зээлд Apple-ийн бус үйлдлийн систем байх цорын ганц боломж байсныг бид алдсан юм” гэж Билл Гэйтс саяхан Village Global хөрөнгө оруулалтын фирмийн зохион байгуулсан арга хэмжээний үеэр ярьжээ.

Персонал компьютерын салбарт олон жил ноёрхож байгаа Майкрософт ухаалаг гар утасны эринд амжилтаа үргэлжлүүлж чадаагүй юм.

2000 онд тус компани Windows Mobile нэртэй гар утсанд зориулсан үйлдлийн системээ гаргаж байжээ.

Гэтэл 2007 онд Apple компани iPhone-оо гаргаж, 2008 онд Google компани Андроид системээ гаргаснаар ухаалаг гар утасны зах зээлийг хуваан эзэлсэн юм.

Гар утасны зах зээлд тэргүүлэх боломжоо алдахад нь тухайн үед Майкрософтын монопольчлолын эсрэг шүүх ажиллагаа өрнөж байсан нь нөлөөлсөн гэнэ. 

“Бид гар утас маш хурдтай хэрэглээнд нэвтэрнэ гэдгийг мэдэж байсан. Тиймээс ч Windows Mobile-ийг бүтээсэн юм. Гэвч манай компани тухайн үед монополийн эсрэг шүүх ажиллагаанд бүх анхаарлаа хандуулаад байв. Гар утасны үйлдлийн системийг бүтээх ажилд бид шилдэг хүмүүсээ ажиллуулж чадаагүй. Тиймээс энэ бол миний хувьд хамгийн том алдаа байлаа. Бидэнд бүх боломж нь байсан ч үүнийг хийж чадаагүй юм” гэж тэр тайлбарласан байна.

Тухайн үед персонал компьютерын зах зээлд хэт давамгайлж байна гэж үзсэн АНУ-ын хууль зүйн яам, 20 мужийн шүүх Майкрософтын эсрэг зарга үүсгээд байсан юм.

2008 оны зургаадугаар сараас эхлэн Майкрософтын өдөр тутмын ажлаас хөндийрсөн Билл Гэйтс одоо Андроид системтэй гар утас хэрэглэдэг гэнэ.

 

Эх сурвалж: CNN