Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээр шийдэгдэх хэрэг маргаан өсөж байгаа ч шүүгчийн тоо УИХ-аас баталсан хэмжээнд хүрэхгүй байна!

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүгчид хэрэг “машиндах” шаардлагатай. Яагаад гэвэл нэг шүүгчид жилд 310 хэрэг, маргаан ноогддог. Амралтын өдөр, баяр ёслолыг мартаж ажиллахад бараг өдөр бүр нэг хэрэг шийднэ гэсэн үг.

"Хөгжлийн санаачилга бодлогын судалгааны төв” ТББ-аас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар анхан шатны шүүхийн шүүгчийн нэг жилд шийдвэрлэх хэрэг маргааны тоо иргэний хэргийн хувьд 200, эрүүгийн хэргийн хувьд 75, захиргааны хэргийн хувьд 42 нь хэвийн ачаалал гэж дүгнэжээ.

Гэтэл өнөөгийн байдлаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч жилд дунджаар 310, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 107, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 50 гаруй хэрэг шийдвэрлэж байгаа аж. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрэх, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийг чирэгдүүлэх, улмаар шүүн таслах ажиллагааны чанарт нөлөөлөх байдалд хүргэж болзошгүй хэмэнэ дүгнэжээ.

Шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг маргаан, үйлчлүүлэгчдийн тоо жил бүр өсөж байна. 2014 онд улсын хэмжээнд 48.58 мянган хэрэг шүүхээр шийдэгдэж байсан бол энэ тоо өнгөрсөн онд 50.5 хувиар өсжээ. Эвлэрүүлэн зуучлалаар шийдэгддэг 8 мянган хэргийг нэмбэл дээрх харьцаа бүр өснө.

УИХ-аас анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон ч 479 шүүгч ажиллаж байна

Мөн Эрүүгийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль (шинэчилсэн найруулга) хэрэгжиж эхэлснээр таслан сэргийлэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах зэрэг 9 төрлийн асуудлыг шүүх шийдэж ачаалал нь 27.6 хувиар өссөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 үе шаттай болгосноор ачаалал 22.3 хувь, прокурорын шатанд шийддэг байсан хөнгөн төрлийн гэмт хэргийг шүүхэд шилжүүлснээр хялбаршуулсан хэргийн тоо 90.2 хувиар өсжээ.

Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар 19 төрлийн зөрчлийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийддэг болсноор ачаалал нь 47.2 хувиар өссөн дүн мэдээ байна.

 

Гэтэл дээрх хэргийг шийдэж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон тоо эгээ л 2014 оныхоороо байгааг салбарынхан хэлж байна.  

УИХ-ын 2016 оны 42 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон хэдий ч өнөөгийн байдлаар анхан шатны шүүхэд 369, давж заалдах шатны шүүхэд 110, нийт 479 шүүгч ажиллаж байна. УИХ-аас тогтоосон орон тоогоор шүүгч нарыг томилуулан ажиллаж чадахгүй байгаа нь төсөвт цалингийн санг хангалттай баталж ирээгүйтэй холбоотой аж.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн шүүхүүдэд шүүгчийн орон тоог нэмбэл шүүхийн ачаалал буурах боломжтой гэж дээрх судалгааны байгууллага тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, 2020 онд 40 шүүгч, шүүхийн захиргааны 60 ажилтан нэмэгдчихвэл хүн ам ихээр төвлөрсөн шүүхийн ачаалал буурах юм байна.