2019/07/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,662.90₮
B30
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
17:00
S30
18°
18:00
S26
17°
19:00
S26
15°
20:00
S26
15°
21:00
S26
14°
22:00
S26
14°
23:00
S26
13°
00:00
S26
13°
01:00
S26
13°
02:00
S26
13°
03:00
S26
13°
04:00
S26
13°

Эмэгтэйчүүд хүчирхийлэгчийн толгойг илж давраах байдал даамжирч байна

Б.Оюунжаргал, Үндэсний шуудан
2019 оны 6 сарын 25
Үндэсний шуудан

“Аав, ээж маань зодолдоод байна”. “Аав архи уучихсан ээжийг зодоод хамрыг нь хугалчихлаа бид салгах гэхээр зодох гээд байна” хэмээн мэгшин уйлсаар цагдаагийн байгууллагаас тусламж хүсэх хүүхдүүд тун чиг өрөвдөлтэй. Ийм байдлаар хаалганы цаана хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, хорвоогийн өдөр хоногийг хэрхэн өнгөрүүлдэг талаар бид өнгөрөгч баасан гарагийн шөнө сурвалжиллаа. 

Нэн түрүүнд Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Нямсүрэнгийн хамт хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдэж буй хүчирхийллийн дуудлага, мэдээллийн нөхцөл байдалтай танилцсан юм. Тус дүүргийн хэмжээнд энэ сарын 21-22-нд шилжих шөнө 574 дуудлага бүртгэгдсэнээс 80 гаруй дуудлага нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага байсан юм.

Биднийг тус дүүрэгт очиход Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд “Аав архи уучихсан ээжийг зодоод байна” гэх дуудлага 23:30 цагт ирлээ. Бид дуудлага авсан даруйдаа хаягийн дагуу очихоор хөдөлсөн ч төд удалгүй “Аав гараад зугтаачихлаа” гэх хариуг хэллээ. Тус дуудлагыг хүлээн авсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид очиж хэрэг зөрчлийг бүртгэн авлаа. 

Бидний дараагийн дуудлага мөн “нөхөр нь эхнэрээ зодлоо” гэх дуудлага байв. Энэ удаад тус дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хүчирхийлэл үйлдсэн гэх этгээдийг гэрч, хохирогчийн хамт хэлтэс дээр авчирч мэдүүлэг авлаа.

“ЧИ ЦАГДАА ДУУДЛАА” ГЭХ ШАЛТГААНААР ДАХИН ХЭЗЭЭ Ч ЦАГДАА ДУУДАХГҮЙ ГЭХ ШИЙДВЭРТ ХҮРСЭН ХҮН ОЛОН

Хэлтсийн гадаа нимгэн өлгийнд хүүхдээ ороож бээвийн зогсох эмэгтэй дээр очиж юу болсон тухай асуухад, “Нөхөр маань найзуудтайгаа уулзсан. Тэгээд согтуу ирээд намайг ус хийгээд өг гэж чанга дуугаар хашгирч хараасан. 

Би “хүүхэд айлаа, чимээгүй бай гэсэн. Гэтэл тэр над руу сандал авч шидээд толгойн тус газар оносон. Ингээд би хүүхдээ аваад гарах гэтэл гаргаагүй. Харин намайг улам ихээр зодож үсдэж, дээрээс минь дэвсэлж, элдэв үгээр харааж, шүлсээ хаясан. 

Нүд ирмэх зуур хатуу гутлаараа хамар руу өшиглөсөн. Хамраас минь цус садрахыг хараад би өөрийгөө энэ хүний гарт үхэх нь байна гэж бодоод ах дүү нар руугаа ярьсан. Тэд цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь ч ингэж зоддог байсан. Ийм үйлдэл гаргах бүрт нь би дуугүй өнгөрдөг.

Саяхан мөн л ингэж хүчирхийлсэн. Би тэр үед өөрөө цагдаад мэдэгдсэн. Үүнээс хойш ахиж тэгэхгүй гэж хэлчхээд амлалтдаа хүрэхгүй бүр их зовоож байна. Сүүлийн үед архи уух болгондоо “чи намайг цагдаад хэлсэн” гээд занаад байдаг болсон. Үнэхээр аймшигтай. Ер нь эрүүлдээ ч сайхан ааштай хүн биш. Ойлголцоход их түвэгтэй хүн. Надад ингэж дарамт үзүүлдгийг хүмүүст хэлдэггүй. 

Сүүлд нь надад л муу түүний чихэнд хүрчихвэл амьдрал минь салж сарних дээрээ хүрнэ гэж боддог. Энэ удаад үнэхээр тэвчсэнгүй”хэмээн нулимс бөмбөрүүлэн ярих юм. Тэрбээр мөн л нөхөр гэх хүчирхийлэгчийг уучлах орон зайг сэтгэлдээ үлдээжээ гэх бодол төрүүллээ. Энэ байдал нь хүчирхийллийг улам өдөөж, өөгшүүлж газар авахад хүргэж байна. Мөн архидалттай газар хүчирхийлэл үйлдэгдэхгүй байна гэдэг ховор үзэгдэл болжээ.

Хамгийн харамсалтай нь цагдаагийн байгууллагаас хүчирхийлэгч этгээдэд хариуцлага тооцох гэдэг ч эхнэр нь, аль эсвэл ойр дотнын хэн нэг нь “Энэ удаа зүгээр өнгөрүүлчих. Би гомдолгүй” гэх үгээр хаацайлж аргацаадаг байна. Энэ нь дараа нь хохрогчдийг дахин хэзээ ч цагдаа дуудахгүй гэх шийдвэрт хүргэдэг нь харамсалтай.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгч, ахмад Б.Ариунболд “Хүчирхийлэл ихэвчлэн согтуугаар үйлдэгддэг. 00:00 цагийн байдлаар манай хэлтэст 106 дуудлага ирснээс 15 нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага байна. Бүх дуудлагад очиж албажуулан холбогдох бүх арга хэмжээг авч хүчирхийлэл үйлдсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд авдаг” гэв.

АРХИ БОЛ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭХ ҮНДЭС БОЛДОГ

Тухайн өдөр ирсэн дуудлагын дийлэнх нь архины хамааралтай хүчирхийллийн хэрэг байв. Балга хар ус амсчихаад эхнэр хүүхэд, хайртай дотнын хүмүүстээ хар бурууг санаж тэднийг аймшигтай тамлах ёстой гэж үү хэмээн бодоход хүргэлээ.

Хохирогчийн хувь заяа дэндүү хөөрхийлөлтэй юм. Ийм байдлыг олон удаа тэвчинэ. Эцэстээ амь нас нь хутганы ир-мэг дээр тулах тэр мөчид хэн нэгнээс аврал ирнэ. Энэ мэтчилэн хүчирхийллийг тэвчиж өнгөрөөж болохгүй хариуцлагыг нь хүлээлгэж арга хэмжээ авхуулах хэрэгтэй. 

Та нэг удаа “за яахав” гээд өнгөрөөвөл түүний цаана асар их хор хөнөөл төсөөлшгүй муу үр дагавар таныг отож байдаг гэдгийг цаг ямагт санаасай охид бүсгүйчүүд, бяцхан үрс минь. Шөнийн 00:11 цаг аль хэдийнээ болжээ.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсээс дараагийн дуудлага авч хөдөллөө. Тус дүүргийн XIX хороонд нөхөр нь эхнэрээ хутгалах гээд байна гэх дуудлага ирсэн юм. Үүний дагуу бид XXI хорооллын зүг хөдөлж байран дундуур сүлжилдэж явсаар хаягийн дагуу ирж орцын кодыг хийн дотогш нэвтрэхэд орилж хашгирсан дуу чихэнд сонсогдоно. Таван давхарт гарч хаалгаа дэлгэсэн айлд ороход архины үнэр нэвчсэн байх ба тавилгагүй цэлгэр өрөөнд дөрвөн эрэгтэй дөрвөн эмэгтэй тойрон сууж байв. Тэд ч нэлээд халамцуу үүдээр нь архи, пивоны шил хөглөрчээ. 

Түүнчлэн нэг бүсгүйн цамцны энгэр урагдаж, хүзүү нь улайж хумсны ором гарсан байв. Ахлах дэслэгч Б.Нямсүрэн юу болсон тухай асуухад “Бид яагаа ч үгүй хэн дуудлага өгөв” хэмээн бүгд нэгэн дуугаар түүнээс асууна. “Бид зодолдоогүй. Хөзөр тоглоод сууж байсан” гэв. 

Хажуу талын жижиг өрөөг нь 20 орчим насны эмэгтэй түрээсэлдэг бөгөөд тэр хэлэхдээ “Энэ том өрөөг эхнэр, нөхөр түрээсэлж амьдардаг.  Тэд байнга архи уудаг. Хааяа архи уучхаад хоорондоо зодолддог. Би цагдаад дуудлага өгөөгүй. Хөрш айл өгсөн гэж бодож байна” гэв.

Ингээд цагдаагийн алба хаагчид тэднийг тарж гэр гэртээ харихыг шаардсан юм. Хот нойрсож, айл бүр амар тайван нойрсохыг эрмэлзэнэ. Гэтэл тайван унтаж амрах нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр хөрш айлаа хүртэл тэвчишгүй байдалд хүргэж байгаа энэ байдалд хариуцлага тооцдог хуультай. Гэтэл үнэндээ хуулийн хэрэгжилт сул байна.

Нийслэл хотод 2019 оны эхний зургаан сард гэмт хэрэг зөрчлийн, шинжтэй 197 мянга 544 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 27 мянга 321 дуудлага мэдээлэл иржээ. 

Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагаас гудамж талбай, гэр бүл, ахуйн хүрээнд үйлдэгдсэн зөрчил мэдээлэлд хариуцлага тооцсон байдлыг авч үзвэл, зөрчил гаргасан 51 мянга 195 хүнийг хоёр тэрбум 690 сая төгрөгөөр торгож, 2,536 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлах тогтоол гаргуулсан байна. Үүнээс 2,107 буюу 88 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ухуулга, нөлөөллийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна. Тодруулбал, 2019 оны эхний таван сард эрүүлжүүлэгдсэн 3,256 хүнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, 2,694 хүнд хяналтын хувийн хэрэг нээж “Итгэлцлийн гэрээ” байгуулан тэдний ухамсарт зан үйлд нөлөөлөхүйц эерэг төлөвшил өгөх ажлуудыг зохион байгуулжээ. Зарим иргэд өөрсдийн дураар баталгаа гаргаж өгөх тохиолдол ч бий гэнэ.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ МЭДЭЭЛЭЭГҮЙ БОЛ 250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОДОГ ХУУЛИЙН ТОГТОЛЦОО БИЙ

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл бол архидалт гэдгийг албаныхан онцолж буй юм.Цаашлаад гэр бүл төлөвлөлт ихээр нөлөөлж буйг эндээс харж болохоор байв.

Гэр бүлийн хүчирхийллийн давтамжийн тухайд авч үзвэл, Баривчлах шийтгэл ногдуулсан 2,539 хүний 20.2 хувь нь өмнө нь удаа дараа гэр бүлдээ айдас, түгшүүр төрүүлсэн байдаг байна. Нийслэлд хүн ам ихээр суурьшсан бүс болох Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг гэр бүл хүчирхийллийн халуун цэг гэхэд хилсдэхгүй. 

Баянзүрх дүүргийн тухайд зургаадугаар сарын 21-22 нд шилжих шөнө 669 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 78 гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй мэдээлэл иржээ. Тухайлбал, тус дүүргийн XXI хороонд оршин суух 20 настай залуу аав, ээжийгээ зодоод байна гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ. 

Дуудлагын дагуу очиход эхнэр нь хаалгаа түгжсэн байх ба хэн бэ гэж дахин дахин асууж хаалгаа тайлж өгсөн юм. 50 орчим насны эмэгтэйн хөл, гар хөхөрч, хоолойг нь багалзуурдсан гэмээр улайж, хөхөрчээ. Тухайн эмэгтэй өөрөө архи уусан байдалтай байлаа. 

Тэр хэлэхдээ “Нөхөр намайг зодчихоод гараад явсан. Өмнө нь ингэдэг байсан. Би буцаж орж ирээд дахиад зодно гэж айгаад хаалгаа түгчихсэн юм. Би гомдолгүй байна” хэмээлээ. Гомдолгүй гэх үг хүчирхийллийг хаацайлж улам бүр өдөөж байна.

Үүний дараа мөн л нөхөр нь эхнэрээ зодлоо гэх дуудлага хүлээн авлаа. Нарантуул захын ойролцоо нэгэн айлд очиход хижээл насны эмэгтэй “Нөхөр Нарантуул зах дээр бараа зардаг. Тэр орой бүр архи ууж ирчхээд надад гар хүрдэг. 20 жил зодуулж байна. Эгч нь зүгээрээ гомдолгүй. 

Манай нөхөр намайг зодоод сурчихсан хүн” гээд халдаахгүй шинжтэй. Ямартай ч цагдаагийн алба хаагчид тухайн эмэгтэйг найман настай охины хамт хамгаалах байранд аваачлаа. 

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн заалт бий. Хоёр буюу түүнээс дээш үйлдлийг байнга гэж үзнэ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар зургаан сараас нэг жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг. 

Хүчирхийллийн тухай хууль батлагдан гарснаас давуу талууд их бий болсон. Наад зах нь энэ төрлийн гэмт хэргийн дуудлага, мэдээлэл өгөх нь зөв юм байна гэх ойлголт хүмүүсийн дунд нэмэгдсэн. Хэрэв гэр бүлийн хүчирхийллийг мэдээлээгүй бол 250 мянган төгрөгөөр торгодог. Хүчирхийллийг мэдээлээгүй тэвчин өнгөрүүлснээс болж амь насаа алдсан харамсалтай хэргийг сөхвөл, иргэн И хамтран амьдрагч Б-ийн гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг энэ оны дөрөвдүгээр сард гарч байжээ.

Тухайн хэргийг шалгах явцад хохирогч өмнө нь удаа дараа хүчирхийлэлд өртдөг байсан ч цагдаагийн байгууллагад огт дуудлага, мэдээлэл өгдөггүй. Хөрш нь түүнийг хүчирхийлэлд өртдөгийг мэдэж байсан ч мөн адил мэдэгдэж байгаагүй нь тогтоогджээ. Хэрэв, энэ хүчирхийллийн мэдээллийг гагцхүү холбогдох газарт мэдээлсэн бол тэр эмэгтэйн амь нас аврагдах бүрэн боломж байж гэж бодохоор сэтгэл гонсоймоор.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд сэтгэл санааны сөрөг өөрчлөлтөд орсон байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тэд “Нөхөр маань саллаа гээд дараа нь намайг зодох болов уу, бусад хүмүүс хүүхдүүдийг минь гадуурхах болов уу, охин минь том болоод над шиг хүчирхийлэгчтэй гэр бүл болбол яана аа, хүү минь аав шигээ хүчирхийлэгч болчихгүй байгаа” хэмээн түгшиж байдаг. 

Нэгэн шөнийн хүчирхийллийн бодит төрх ийм байна. Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том золиос болж байгааг ганцхан шөнийн байдлаас тод харагдав. Хүчирхийллийг тэвчье залуус аа.

 

x