Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны эсрэг шинэ хоригийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь армийн дроныг унагасны шийтгэл болгож Ираны дээд удирдагч болон бусад албаны хүмүүсийн эсрэг эдийн засгийн шинэ хориг зарлалаа.

Хоригт өртөж байгаа хамгийн том хүн нь Ираны дээд удирдагч Аятолла Аль Хамени болж байна. 

Түүний гадаад санхүүгийн эх үүсвэрт хандах эрхийг бүрэн хориглож байгаа юм. “Ираны дээд удирдагч бол тус дэглэмийн дайсагнасан бодлогын гол хариуцагч юм” гэж Трамп хоригийг танилцуулах үеэр мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Ираны арми АНУ-ын тагнуулын дроныг пуужингаар харваж унагасан бол энэ сарын эхээр Персийн булан орчимд зорчиж байсан газрын тос тээвэрлэгч хоёр хөлөгт халдсан юм.

Гэхдээ Тегераны эрх баригчид хөлөг онгоцнуудад халдаагүй гэдгээ мэдэгдэж байгаа.

Харин дроныг Ираны агаарын хилд нэвтэрсэн гэдэг үндэслэлээр унагаснаа зөвтгөж байна.

Пүрэв гарагийн орой АНУ-ын засаг захиргаа Иранд хариу агаарын цохилт өгөхөөр бэлдэж байгаад эцсийн мөчид больсон. Цэрэг зэвсгийн хүчээр биш, эдийн засгийн дарамтаар Ираны дэглэмийг шийтгэхээр болсон нь өнөөдөр тодорхой болж байна.

Сүүлийн байдлаар Ираны эдийн засгийн 80 гаруй хувь АНУ-ын зарласан эдийн засгийн хоригт ороод байгааг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео саяхан мэдээлсэн байдаг. Уг хориг Ираны дэглэмийг сөхрүүлж, цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзаж, бүс нутагт террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагааг дэмжихээ зогсох хүртэл үргэлжилнэ гэж байгаа.

Ираны армийн пуужинд оногдож унасан АНУ-ын дроны өртөг $130 сая ажээ. Тэгвэл газрын тосны экспортод тавьсан хоригоос Иран улс өдөрт $120 сая орчмыг алдаж байгаа гэсэн тооцоо байна.

 

Эх сурвалж: Bloomberg, Business Insider