Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп DMZ-д анх удаа зочилж магадгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Дональд Трамп DMZ-д анх удаа зочилж магадгүй
Sara, ikon.mn - text to speech

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн сүүлээр Японы Осакад “Их 20”-ын чуулганд оролцсоныхоо дараа Өмнөд Солонгост айлчлахаар болсныг Хөх ордны захиргаа өнөөдөр мэдэгджээ.

Трамп Пүрэв гарагт Осакад ирэх бол дараа нь Бямба, Ням гарагийг Сөүлд өнгөрүүлэх юм байна.

Тэрээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцах гэнэ.

Айлчлалын үеэр Дональд Трампыг хоёр Солонгосын хил болох DMZ (Demilitarized Zone)-д анх удаа зочилно гэсэн хүлээлттэй байна. Хэрвээ ингэвэл АНУ, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар анх удаа DMZ-д цугтаа зочилсон явдал болох юм.

2017 онд Трамп анх удаа Өмнөд Солонгост айлчлахдаа хилийн Панмунжом тосгон руу ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй хамт явсан боловч манантай, үзэгдэх орчин муу байснаас замаасаа буцаж байв. Тухайн үед DMZ-д очиж чадаагүйдээ Трамп ихээхэн бухимдаж байсныг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлж байжээ.

DMZ бол 1950-1953 онуудад үргэлжилсэн Солонгосын дайны галыг зогсоосны дараа тогтоосон албан бус хил юм. Хоёр Солонгос энхийн гэрээ байгуулаагүй тул өнөөдрийг хүртэл энд дайны нөхцөл байдал үйлчилдэг. 

АНУ-ын ерөнхийлөгч нараас анх 1983 онд Рональд Рейган DMZ-д зочилж байсан бол түүнээс хойш “эцэг” Бушээс бусад бүх ерөнхийлөгч нар энд ирж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News