Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Онгоцонд унтаад хаягдсан зорчигчийн асуудлыг Air Canada шалгаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр нислэгийн үед унтаж байсан зорчигчийг газардсаны дараа анзааралгүй онгоцонд түгжиж орхисон хэрэг Канадад гарсан байна. 

Хохирогч болсон эмэгтэй Тиффани Адамс өөрт тохиолдсон явдлын тухай өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк хуудсандаа анх бичсэн юм. Гэтэл онгоцны эзэмшигч Air Canada компани болсон явдлын тухай түүний фэйсбүүк бичвэрээс анх удаа сонсоод хэргийг шалгаж эхэлснээ өчигдөр буюу Ням гарагт мэдэгджээ.

Эмэгтэй нойрноос сэрээд өөрийгөө харанхуй, хүйтэн онгоцонд ганцаар үлдсэнийг мэдсэн байна. Онгоцыг нисэх буудлын зогсоолд орхиод түгжсэн байжээ. Гар утасны цэнэг нь дууссан Тиффани гадаад ертөнцтэй холбоо барих ямар ч аргагүй болсон байна. Онгоцны тэжээлийг салгасан тул гар утас цэнэглэх боломжгүй болсон байжээ.

Тэрээр онгоцноос ослын үед хэрэглэхэд зориулсан гар чийдэн олоод цонхоор тусгаж хүний анхаарал татахыг оролдсон ч бүтээгүй тул хаалганы боолтыг тайлж дотроос нь нээж чадсан байна. Гэвч 15 метр өндрөөс шатгүйгээр буух аргагүй байсан тул гар чийдэнгээрээ дохисоор нисэх буудлын ачаа зөөдөг ажилтныг дуудаж аврагджээ.

Тухайн үед Air Canada компанийн ажилтан эмэгтэйн биеийн байдлыг асуугаад зочид буудалд унаагаар хүргэх санал тавьж байсан гэнэ.

Гэвч болсон явдлын талаар удирдлагадаа мэдээлээгүй орхисон байна.

Air Canada компани фэйсбүүкт бичсэн түүхээс болсон явдлын талаар олж мэдээд зорчигч эмэгтэйгээс уучлал гуйж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ.

 

Эх сурвалж: AFP