Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн асуудлыг “Их 20”-ын чуулганы үеэр хөндөхийг Хятад улс зөвшөөрөхгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн сүүлээр Японы Осака хотод дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 20 орны төрийн тэргүүнүүд чуулах гэж байна.

Чуулганы үеэр Хонг Конгод болж буй үйл явдлын талаар хэлэлцэхийг Хятад улс огт зөвшөөрөхгүй гэж өнөөдөр тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Жан Жун мэдэгджээ.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Хонг Конгийн иргэд гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлж, шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцэн тэмцэж байгаа. Үүний үр дүнд маргаантай хуулийн төслийг Хонг Конгийн хууль тогтоогчид хэлэлцэхээ хойшлуулаад байгаа. Харин иргэд хуулийн төслийг бүр мөсөн буцааж татахыг шаардаж байна.

“Их 20”-ын чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нар уулзаж, хоёр орны дунд үүсээд байгаа худалдааны маргааныг зогсоох талаар хэлэлцэх юм.

Энэ үеэр Хонг Конгийн асуудлыг хэлэлцэх эсэх талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа Жан Жун ”Чуулганы үеэр Хонг Конгийн асуудлыг хөндөхгүй гэдгийг би баттай хэлж чадна. Хонг Конгийн асуудлыг хэлэлцэхийг бид огт зөвшөөрөхгүй. Хонг Конг бол Хятадын засаг захиргааны тусгай бүс. Хонг Конгийн асуудал бол цэвэр Хятадын дотоод асуудал. Үүнд оролцох эрх ямар ч улс оронд байхгүй” гэж хэлжээ.

Оргил үедээ хоёр сая хүртэл тооны хүн оролцсон гэгдэж байгаа иргэдийн тэмцэл нь 1997 онд Британиас Хятадад шилжсэнээс хойшх Хонг Конгийн түүхэнд хамгийн томд орох улс төрийн эсэргүүцлийн арга хэмжээ болж байна.

 

Эх сурвалж: The Guardian