Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Жийн-Паскаль Нгану: НӨАТ болон онцгой албан татвар хүн амын ядуу бүлэгт дарамт үзүүлэх хандлагатай байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“Төсвийн зардлын тойм судалгаа: Өрийн дарамтгүй, тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох нь" хэмээх Дэлхийн Банкны шинэ тайланд Монгол Улс төсвийн бааз, суурь, бодлогоо бэхжүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарт анхаарахыг зөвлөжээ.

Мөн урт хугацааны хөгжил, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулдаг гол салбарууд болох эрүүл мэнд, боловсролын салбарт тусгайлан анхаарахыг тайланд дурдсан байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

“Өр өндөр түвшинд хүрсэн, татварын түвшин бага, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олон байгаа нь Монголын эдийн засаг нь гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн огцом өсөлт зэрэгт эмзэг хэвээр байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн нөөц боломжоо хангалттай бий болгох нь зүйтэй” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев онцлон тэмдэглэв.

“ХХОАТ-ыг шаталсан байдлаар буюу өндөр орлоготой хэсэгт илүү татвар ногдуулах зарчмыг нэвтрүүлэхийг зөвлөж байна”
 
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч, тайланг голлон удирдаж ажилласан ноён Жийн-Паскаль Нгану “2008-2016 оныг хүртэлх эдийн засгийн нөхцөл байдлыг харахад уул уурхайн салбараас хэт хамааралтай, уг хамаарал нь жил ирэх тутам нэмэгдэж байсныг харж болно. Түүнчлэн уул уурхайгаас орж ирэх орлого буурсан жилүүдэд ч төсвийн зардал нэмэгдэж, зардлаа өрөөр санхүүжүүлж байсан байна. Энэ нь Засгийн газрын өрийг богино хугацаанд огцом нэмэгдэхэд хүргэсэн.

Монгол Улс хэт өндөр өр тавихгүйгээр хөгжих бүрэн боломж бий. Тиймээс бид тайлангийн гол агуулгаа өрийн дарамтгүй, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоход төр засгийн бодлогыг чиглүүлэх хэмээн тодорхойлоод байгаа.

Энэхүү тайланд Монгол Улс төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгаа сайжруулахын зарим зөвлөмжийг оруулсан. Тухайлбал, Монгол Улс бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад татварын хувь хэмжээ нэлээд бага түвшинд байна. Хувь хүний орлогын албан татвар 10 хувь гэдэг бол бага түвшин. Татварын бааз суурийг нэмэгдүүлэхийн тулд ХХОАТ-ыг шаталсан байдлаар буюу өндөр орлоготой хэсэг нь илүү татвар төлөх шударга зарчмыг нэвтрүүлэхийг зөвлөж байна. НӨАТ болон онцгой албан татвар нь хүн амын ядуу бүлэгт илүү дарамт үзүүлэх хандлагатай байгааг анхаарах хэрэгтэй.

Мөн нэлээн олон төрлийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг эргэж харах хэрэгтэй болов уу.

Төсөвт нэлээд өндөр дарамт үзүүлж байгаа дараагийн нэг зүйл нь цалингийн зардал байгаа. Сүүлийн жилүүдэд цалингийн зардал нэмэгдсээр байгаа. Гэтэл бодит байдал дээр цалин нэмэгдсэн гэхээс илүүтэй төрийн албан хаагчдын орон тоо нэмэгдэж, төрийн байгууллагууд, яамдын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой орон тооноос хамаарч зардал нэмэгдсэн байна.

Насжилт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд тэтгэврийн тогтолцоог бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр байгаа. Одоогийн байдлаар Тэтгэврийн сан төсвөөс ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний татаас авч байна. Цаашид ямар нэг дорвитой шинэчлэлт хийхгүй бол, 2030 он гэхэд 6 хувь болтол өсгөн, улмаар 2050 он гэхэд 11 хувь хүргэх төлөв ажиглагдаж байна.

Түүнчлэн уул уурхайн салбарын хамаарал өндөр байгаа нөхцөлд хуримтлуулах соёл буюу эрсдлийн, хуримтлалын сантай болох хэрэгтэй" хэмээн ярив.

Боловсролын салбарт өртөг өндөртэй тоног төхөөрөмжид төсөв ихээр зарцуулж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Харин нийгмийн салбарын хувьд үр дүн янз бүр байна. Суурь боловсролын хамралт болон боловсролын салбарын төсөв бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад ойролцоо түвшинд байна. Гэвч төсвийн төлөвлөлт сул байна. Тухайлбал, боловсролын салбарын нэг ажилтанд ногдох цалин буурч байхад эсрэгээр цалингийн сангийн зардал хурдтай нэмэгдэж байна. Мөн хичээлд хэрэглэгдэх сургалтын материалд бага төсөв хуваарилж байгаа ч, өртөг өндөртэй тоног төхөөрөмжид төсөв ихээр зарцуулж буй зэрэг асуудлууд байсаар байна. Чанартай сургуулийн өмнөх боловсролын хүртээмж ялангуяа малчдын хувьд хязгаарлагдмал хэвээр байгаа нь анхаарах асуудлуудын нэг хэвээр байгааг тайланд дурджээ.

Эрүүл мэндийн салбарын төсвийн ДНБ-д эзлэх хувь 2003 онтой харьцуулахад нэлээд буурсан, бусад дундаж орлоготой орнуудтай харьцуулахад бага байгаа юм. Монгол Улс нь эх, хүүхдийн эрүүл мэндийн тал дээр сайжирч байгаа ч халдварт бус өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан томоохон шинэчлэл хийх хэрэгтэйг тодотгожээ. Үүнд анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар хурдтай нэмэгдэж байгаа архаг өвчлөлийн эзлэх хувийг бууруулж, салбарын төсвийг илүү оновчтой болгон, орон нутаг ба үйлчилгээ үзүүлэгчийн түвшинд удирдлагыг сайжруулах зэргээр үйлчилгээнүүдийн зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай.

Тайлангийн төгсгөл хэсэгт төсвийн асуудлыг хариуцсан гол байгууллагуудын үүрэг, хариуцлагуудыг авч үзэн, тэдний хоорондох уялдаа, холбооны асуудлыг хөндсөн байна. Тэдгээр байгууллагуудын гүйцэтгэл, үр дүн харилцан адилгүй боловч ирээдүйн аливаа шинэчлэлийг татварын бодлого, захиргаа, төрийн алба, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, тэтгэвэр ба тайланд шинжлэн дүгнэсэн бусад асуудлуудын хамтаар, цогцоор анхаарч авч үзэхийг мөн онцолжээ.