Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

USB портыг зохион бүтээгч “залгахад төвөгтэй зүйл” хийсэндээ одоо ч харамсдаг

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

USB буюу Universal Serial Bus интерфэйсээр компьютерт төхөөрөмж холбохдоо хүмүүс байнга будилдаг. Зөв талыг нь олж залгахад төвөгтэй энэхүү портыг 1990-ээд оны дундуур IBM компанийн мэргэжилтнүүд зохион бүтээсэн юм.

Тэгвэл зохион бүтээгчдийн ахлагч Ажай Бхат өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын NPR сувагт ярилцлага өгөхдөө USB портыг хэрхэн бий болгосон түүхээ ярьжээ.

Тэрээр USB портыг залгахад төвөгтэй, толгой эргүүлдэг дизайнтай хийсэндээ одоо болтол хамгийн их харамсдаг гэнэ. Аль ч талаар нь залгаж болохоор бүтээх боломжтой байсан ч ингэвэл бүх эд ангийг нь хос болгон нэмснээр зардал нь хоёр дахин өндөр болох байсныг тайлбарлажээ.

Зах зээлд дөнгөж танилцуулж байгаа стандарт зардал өндөртэй бол нийтээр хүлээн зөвшөөрөгдөх магадлал буурна гэж үзээд хямд шийдлийг сонгосон байна.

Тухайн үед USB порт тэгш өнцөгт биш, дугуй хэлбэртэй байх санаа яригдаж байсан бөгөөд ингэвэл зөв залгахад бүр хэцүү болох байжээ.

USB портыг хамгийн анх Apple компани 1998 онд компьютерүүдэдээ нэвтрүүлснээр стандарт болох зам нь нээгдсэн юм.

Өнөөдөр USB портын шинэ хувилбар USB-C зах зээлд нэвтэрч эхлээд байгаа бөгөөд энэ нь аль ч талаар залгаж болдог шийдэлтэй. Гэхдээ USB-C стандарт одоогоор нийтэд бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Mashable