Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баярцогт: Олон улсын гурван байгууллагад хандаж О.Дөлгөөний эмчилгээнд хандив өгөхийг хүсээд байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-ын Калифорниагийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар түүний эгч фэйсбүүк худастаа бичжээ.

О.Дөлгөөн 2019 оны Оюутны лигийн аварга болсон тул NBA-н финалын тоглолт үзэх эрхээр шагнуулан энэ сарын 12-ны өдөр АНУ-ыг зорьсон юм байна.

Түүний багш, дасгалжуулагч О.Баярцогт "Зургаадугаар сарын 15-нд Дөлгөөнтэй холбоо барихад биеийн байдал нь зүгээр, хэвийн ярьж байсан. Ингээд 16-наас өндөр халуурч эхэлсэн ч "Мөнгө муутай, эмнэлэгт очвол өндөр төлбөр төлөх байх" гээд эмнэлэгт хандахгүй байж байгаад 19-нд бие нь нэлээд муудсан учраас найз охин нь эмнэлэгт хүргэсэн байна лээ. Дөлгөөний найз охин АНУ-д байсан бөгөөд очиход нь тосож аваад хамт байсан.

Одоогийн байдлаар Дөлгөөн комын байдалтай, сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эмчилгээний эхний хоёр өдрийн дараа сахиур буюу найз охинд нь эмнэлгээс "30,000 долларын эмчилгээ хийлгээд байна" гэж мэдэгдсэн байсан. Түүнээс хойш эмчилгээний зардал хэдий хэмжээнд хүрсэн талаар мэдээлэл дахиж өгөөгүй байгаа.

АНУ-д суугаа манай ЭСЯ-наас тухайн эмнэлэгтэй холбогдож, уулзсан байна лээ.Түүнээс хойш эмчилгээний төлбөрийн асуудал яригдаагүй. Гэхдээ эхний хоёр хоногт л 30,000 долларын эмчилгээ хийгдсэн учраас цаашид мөн төдий хэмжээний төлбөр гарах болов уу гэж таамаглаж байна.

Дөлгөөн салхинцэцгийн халдвар авсан байгаа талаар эмнэлгээс мэдэгдсэн. Уг халдварын нөлөөгөөр олон эрхтний үйл ажиллагаа муудаад байгаа учраас яаралтай мэс засалд бол орохгүй, энэ долоо хоногийн сүүлээр гарах нэг шинжилгээний хариуг хүлээж байна. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын хувьд яг одоо хийхгүй ч хийх магадлал маш өндөр. Тиймээс элэг шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтнүүдийн жагсаалтын эхэнд орсон байгаа. Уг хагалгааны төлбөр 300,000-350,000 ам.доллар болно гэх урьдчилсан мэдээллийг эмнэлгээс өгөөд байгаа.

Мөн хүнд хагалгаанд орох учраас эндээс аав, ээж гэр бүлийнхнийг нь яаралтай явуулах хэрэгтэй байна. Гэр бүлийнхэн нь АНУ-ын элчин сайдын яаманд визний асуудлаар хандчихсан, ярилцлаганд орох цагаа хүлээж байгаа.

Өнгөрсөн Баасан гарагаас биеийн байдал огцом муудсан учраас хандив цуглуулах асуудлаар Дөлгөөний эгч хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандсан. Олон нийтийн сүлжээнд #Pray4Dulguun хаштаг маш идэхтэй өрнөж, үр дүнтэй явж байна.

 

Дөлгөөний бие огцом муудаж, эмчилгээний төлбөр нэмэгдэх хандлагатай байгаа учраас бид олон улсын гурван байгууллагад хандаж хандив хүсээд байна. Тэдгээр байгууллагуудын нэг нь ядуу буурай орны өсөх ирээдүйтэй тамирчинд эмчилгээний зардал хэрэгтэй болоод эх орондоо хандивын аян зохион байгуулсан ч эмчилгээний зардлаа бүрэн цуглуулж чадаагүй бол тухайн орны ард түмэн тамирчнаа хэрхэн дэмждэг болохыг мэдэхийн тулд олон нийтийн сүлжээн дэх хаштаг-аар үнэлдэг юм байна лээ. Үнэхээр ард түмэн нь дэмждэг бол хандив өгдөг. Тиймээс бид хандив цуглуулах мөн иргэдийг идэвхжүүлэх зорилгоор #Pray4Dulguun групп нээгээд байгаа. Иргэд маань уг групп болон өөрийн фэйсбүүк хуудастаа #Pray4Dulguun хаштагийг хэрэглэн пост хийх, коммент хэсэгт бичих хэрэгтэй байна" хэмээн тайлбарлалаа.

Одоогийн байдлаар О.Дөлгөөний эмчилгээний зардалд 150 сая орчим төгрөгийн хандив цуглаад байгааг түүний эгч хэллээ.

Хандив өгөх данс:

ХАС БАНК - 5002942199 -Л.ОЧБАДРАХ/О.Дөлгөөний аав/
ХААН БАНК - 5721081225 - Л.ОЧБАДРАХ

Фэйсбүүк хаягаасаа хандив өгөх бол ЭНД ДАРНА УУ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.