Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Энхсайхан: 14 хонож байхад Ц.Нямдорж сайд яам дээрээ нэг ч удаа ирсэнгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Би Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэдэг хүнийг огцруулж өг гэж тэмцэж яваа хүн. Энэ хугацаанд би МАН-ын эсрэг огт юм ярьж байгаагүй. Гэтэл Монгол Улсын төр засгийг удирдаж байгаа энэ нам үнэнийг хэлсэн иргэдийнхээ эсрэг "Улс төрийн хөдөлгөөн байгуулна" гэсэн нь гайхширал төрүүлж байна.

Байдал ийм дээрээ тулж байгаа учраас миний бие Монгол ардын намынханд хандаж мэдэгдэл хиймээр байна.

Ардчилсан суурьтай нийгэмд коммунистууд буюу МАН-ыхан 26 жилийн турш Монгол Улсын төрийг удирдаж байна. Харин Монголын ард түмний амьдрал өдөр ирэх тусам доройтож, үндэсний аюулгүй байдал алдагдахад хүрч байна.

2016 онд гэхэд ард түмэн Монгол Ардын намд итгэл үзүүлж сонгосон. Гэхдээ энэ нам бол сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн. Сонгууль ямар будилаантай явсныг бид мэдэхгүй.

МАН-ын УИХ-ын 49 гишүүн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авчихаад одоо хүртэл хариуцлага хүлээгээгүй, М.Энхболд ч УИХ-ын гишүүн хэвээрээ байна. Мөн Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд хөөн хэлэлцэх хугацааг санаатайгаар будилуулж, авилгачидаа суллуулсан.

Иргэд рүүгээ нулимсан олон үйлдэл гаргаж байгаа танай намыг 2020 онд Монголын ард түмэн дахиж сонгохгүй. Тиймээс Монголын төрөөс савраа хурдан татаж авахыг шаардаж байна. Монголын ирээдүйн төлөө эх оронч сэтгэл гаргаж, Монгол Улсын их хурлаас бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна" гэв.

Сэтгүүлчдийн асуултад хариулав:

-Та бүхнийг тэмцлээ эхлүүлснээс хойш хууль хүчний байгууллагаас ямар нэг дарамт ирсэн үү?

- Бидний жагсаал тэмцэл олон түмний нүдэнд ил тод байна. Цагдаагийн байгууллагынхан жагсаал цуглааныг маань хийлгэхгүй байгаа. Надад Ц.Нямдорж гэдэг хүн МАН-ын дүүргийн Засаг дарга нартайгаа хуйвалдаад жагсах эрхийг маань өгөхгүй байна. Би таван удаа албан бичиг явуулахад ямар нэг шалтаг тоочиж татгалзсан хариу өгч байна.

Мөн бид энэ бослого тэмцлийг эхлүүлээд 14 хонож байхад Ц.Нямдорж Хууль зүйн яам дээрээ нэг ч удаа ирсэнгүй. Ордны гадаа очоод жагсахаар ордон дээр ирдэггүй.

Төрийн алба гэдэг чинь ийм завхарсан маягаар явдаг юм уу. Мөн С.Зоригийн хэргийг 22 жилийн турш замхруулсан хүн өөрөө байж, одоо мөрдөнө гэж байгаа нь Монгол төрийн эмгэнэл.

-Та бүхнийг ардчилсан намаас 40 сая төгрөг аваад жагсаж байгаа гэсэн мэдээлэл үнэн үү?

- Би эх хүн эмэгтэй хүнийхээ хувьд тэмцэж жагсаал цуглааныг эхлүүлсэн. Гэтэл одоо үнэнийг хэлж, тэмцэж байгаа хүн бүрийг л МАНАН бүлэгтэй холбоотой болгож гүтгэдэг болсон байна. МАНАН гэж юмыг чинь би мэдэхгүй. Элбэгдорж гэдэг хүнийг чинь ч танихгүй.

Зарим хүн намайг С.Эрдэнэ гэдэг хүн явуулж байна гэцгээж байна лээ. Би тэр С.Эрдэнэ гэдэг хүнтэй чинь ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдье.

Харин 40 сая төгрөгийн хувьд тийм өндөр үнээр МАН-ынхан өөрсдөө жагсдаг юм шиг байна.Энэ хүмүүс итгэл үнэмшлээрээ ирж байгаа, нэг удаа ч автобусны мөнгө надаас авч байгаагүй.