Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Казуми Ичибаяа: Манай өдөр өнжүүлэхэд ирсэн ахмадууд цаасан урлагт их дуртай

Д.Саруул, Өдрийн сонин
2019 оны 6 сарын 24
Өдрийн сонин
Зураг зураг

"Инами медикал монгол" компанийн захирал Казуми Ичибаяатай ярилцлаа. Тус компани Монголд анх удаа ахмадын Япон маягийн өдөр өнжүүлэх төв ажиллуулж байгаа юм.

-Танай төв хэзээ байгуулагдсан бэ. Монголын анхны Япон маягийн Ахмадын өдөр өнжүүлэх гэхээр хүн бүр сонирхох байх?

-2018 оны зургаадугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ төвийг нээсэн шалтгаан нь Японд өндөр настан харьцангуй их байдаг болохоор ахмадын өдөр өнжүүлэх төв олон бий.

Тэр утгаараа Монголд бас хэрэгтэй юм болов уу гэж бодоод нээсэн юм. Японы нийгмийн халамжийн систем нь хөгшчүүлд нэлээд сайн үйлчилдэг. Монголд харин тэр тал дээр учир дутагдалтай санагдсан.

Ер нь хөгшчүүд өдрийг хөгжилтэй өнгөрөөж байж гэмээнэ эрүүл байдаг. Нас өндөр болоод ирэхээр гэртээ ганцаараа уйдаад суух биш энд ирээд өдрийг хөгжилтэй өнгөрөөгөөсэй гэж бодоод бид энэ төвийг нээсэн.

-Ийм төв байгуулагдлаа гэдгийг дуулаад хүмүүс хэр их холбогдсон бэ. Магадгүй ийм төв нээгдээсэй гэж хүлээж байсан ахмадууд байсан байж болох юм?

-Өдөр өнжүүлэх төв маань албан ёсоор нээлтээ хийсний дараа хүмүүс сонирхож, сурагласаар ирж байсан. Одоо бараг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ахмадууд урт болон богино хугацаагаар эндээ өнжих гэж их ирсэн. Бас улирлаасаа шалтгаалаад ахмадуудын өнжих нь өөр өөр байдаг юм.

Дулаараад, наадам болохоор амраад явчихна. Бас зусландаа гарна, хөдөө явна гээд төвд ирэхээ больдог. Тэгээд намраас буцаад төвдөө ирдэг. Гэхдээ зун нь төвдөө явдаг ахмадууд бий. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 20 гаруй хүн үйлчлүүлсэн. Харин асууж, сураглаж ирдэг хүн зөндөө.

-Төвийнхөө үйл ажиллагааг сонирхуулахгүй юу. Ямар ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Өглөө цуглараад хөгшчүүдийнхээ биед тохирсон Японы өдөр өнжүүлэхэд хийл-гэдэг уламжлалт дасгалыг хийлгэдэг. Тэрнээс гадна хөгшчүүдийнхээ байдлыг харж байгаад алхуулж, өдөр дулаахан бол гадаа гаргаж салхилуулдаг.

Дараа нь автомат тоглоомууд дээр тоглуулна. Мөн зураг зурах нь зураад, будах нь будаад, цаасан урлалаар юм хийх нь хийгээд хөзөр тоглох, даалуу тоглох гээд өдрийг тэд завгүй өнгөрүүлдэг. Амрах нэг нь амарч болдог. Зураг будах, цаасаар юм хийх зэргээр хуруу нь аль болох их хөдөлж байвал тэр нь тархинд нь сайнаар нөлөөлдөг.

-Өнөөдөр Монголын нөхцөлд Ахмадын өдөр енжүүлэх тев маш цөөн. Дэлхийн улс орнуудад ийм төвүүдийг төрөөс нь бодлогоор дэмжиж орон даяар байгуулдаг юм билээ?

-Монгол энэ тал дээр төр засгаас дэмжлэг ерөөс байхгүй юм билээ. Систем нь хөгжөөгүй. Гэхдээ өндөр настан тэтгэвэрт гараад үлдсэн амьдралаа илүү хөгжилтэй өнгөрөөх талаас нь улсаас илүү тэтгэж, дэмжиж харж үзэж байвал илүү зүгээр юм. Тэгвэл илүү сайн улс орон болж хөгжих байх аа.

-Танайх Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани уу?

-Монгол-Японы хамтарсан компани л даа.

-Цагийн хуваариа сонирхуулахгүй юу. Гэрт нь хүргэж өгч, авдаг үйлчилгээ бий юу?

-Хүргэж өгөх үйлчилгээний хувьд Монголын замын хөдөлгөөн, ачаалал асуудалтай байдаг учраас тийм үйлчилгээ одоохондоо байхгүй. Гэр орныхон нь ахмадуудаа өөрсдөө нааш хүргэж ирээд, орой буцаагаад аваад явдаг. 10:00-16:00 цагийн хооронд ажилладаг. Уртаар ажиллах тохиолдол бий л дээ. Хүүхдүүдийнх нь ажил тарах цаг орой байвал тэдэнд зориулж уртасгасан цагаар ажилладаг.

-Та бүхний харж байгаагаар Монголын ахмадуудад ямар үйлчилгээ, халамж дутагдаж байна гэж боддог вэ?

-Анх төвөө нээгээд удаагүй байхдаа Япон дахь ахмадын өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг тэр чигээр нь энд суурьшуулъя гэж бодоод хийсэн чинь зарим нэг зүйл нь таарч өгөхгүй байсан.

Монголын уламжлалт тоглоом зэргээс нь хөтөлбөрөө оруулаад хавсарч хийвэл зүгээр юм байна гэж бодсон. Энд ирж байгаа ахмадуудад үзүүлэх үйлчилгээ талаасаа гэвэл гэр бүлийнхэн нь ахмадуудаа хөдөлгөөнт заслаар хичээллүүлэхийг илүү хүсдэг. Бариа заслын эмчилгээг бас их сонирхдог.

-Харвасан, хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийг танай төв хүлээж авдаг уу?

-Одоогоор ерөнхийдөө эрүүл хүмүүсийг голчлон авч байгаа. Хөдөлгөөний хязгаарлалтай хүмүүсийг авъя гэхэд манай байр маань 14 давхарт, бие засах өрөө нь зайтай учраас жаахан тохиромжгүй байгаа.

-Япон тоглоомуудаа сонирхуулахгүй юу. Ахмадууд танай ямар үйлчилгээнд дуртай вэ?

-Японоос авчирсан автомат тоглоомууд байдаг. Тэрнээс гадна сайн анзаараад байхад манайд ирсэн ахмадууд цаасан урлагт их дуртай, бас зураг будах дуртай юм билээ. Эхэндээ сайн тод, ялгаж будаж чаддаггүй байсан бол одоо гоё ялгаж будаад өөрсдөө ч түүндээ их дуртай болсон шүү.

-Нэг жилийн хугацаанд 20 гаруй хүн үйлчлүүллээ гэлээ. Тэд ихэвчлэн хэдий насны хүмүүс байдаг вэ?

-Ер нь бол 80 настай, ихэвчлэн эмэгтэй хүмүүс ирдэг. Эрэгтэй хүн бараг байхгүй байна, одоогоор.

-Өдрийн хоолтой гэж сонссон. Ямар хоолоор ахмадуудад үйлчилдэг вэ?

-12 цагт өдрийн хоол өгдөг. Монгол хоол егнө. Гурилтай шөл, ногоотой шөл, гуляш, нарийн махан хуурга гээд зургаан төрлийн хоолтой. Доор хоолны газартай. Захиалаад хийлгүүлдэг. Хааяа өөрсдөө бас хийж өгдөг. 

Дандаа гуанзны хоол гэхгүй. Эндээ сүүтэй цай чанаж өгнө. Байхуу цай өгнө. Уух юм бол бэлэн байж байдаг. Мөн 15:00 цагт бас амттаны цаг гэж бий. 
Тухайн өдрөөсөө шалтгаалаад янз бүрийн зүйл өгнө. Японоос ирсэн будааны боов, жигнэмэг гээд настай хүн идэж болох зөөлөн боов өгдөг. Хүйтэн, сэрүүний улиралд бол аарц зэрэг халуун чанарын ундаагаар үйлчилдэг.

- Ахмад настнуудад тулгардаг олон асуудал бий. Тэдэнтэй үр хүүхэд, залуу үе нь яаж харьцах ёстой вэ. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгвөл?

-Манай өдөр өнжүүлэх төвд монгол хүүхдүүд ажилладаг. Энэ хүүхдүүдэд хөгшчүүлтэй яаж харьцах талаар сургадаг. Настай хүн сууж байхад зогсож ярихгүй байх ёстой. Заавал зэрэгцээ, нүдээ нэг шугамд харж байгаад ярина. 

Ахмадууд янз бүрийн туршлагатай, боловсролтой учраас тухайн хүний яриаг маш сайн анхааралтай сонсож, тэрийг нь ойлгож зөвшөөрч байгаагаа илэрхийлээд хамт суух их зүгээр.

-Танай өдөр өнжүүлэхийн сарын төлбөр хэд вэ. Ямар утсаар холбогдож болох вэ?

-150,000-200,000 төгрөг. Хоолтой, хоолгүй гэдгээс хамаараад ийм хоёр үнэтэй.

Холбоо барих утас: 77112246.

-Хүндээ хэр хүрч ажилладаг вэ. Нэг ажилтанд хэдэн ахмад настан ногддог вэ?

-Одоогоор үндсэн хоёр ажилчинтай. Ахмадын өдөр өнжүүлэхэд маань одоогоор 17 оюутан ээлжээр ажиллаж байна. Нэг ажилтанд хоёр ахмад настан ногддог.

Бид өдөр болгон ахмадуудын даралт үзэх, зүрхний цохилтыг хэмжих гээд хяналт тавьж, эм уулгах ёстой хүн байвал цаг цагт нь уулгадаг.

-Хүмүүс ер нь хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?

-Урт хугацаагаар хамгийн дээд тал нь найман cap үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч бий. Мөн гурав, таван сарын турш урт хугацаагаар явж байгаа үйлчлүүлэгчид ч байгаа. Эхэндээ гэрийнх нь авчрахдаа самаа зовсон байдалтай байдаг. Байнга яваад эндээ дасаад ирэхээр гэрийнхэн ч бас итгэж найдаад, тайван орхидог.

Хүмүүс нэлээд сэтгэл хангалуун байдаг. Байгуулагдаад нэг жил болж байгаа учраас эхлээд хүмүүст үйлчилгээгээ сайн таниулах, мэдүүлэх талаас илүү анхаарч ажиллах үүднээс салбар нэмж нээх бодолгүй байна. Ахмадын өдөр енжүүлэх төв гэж ийм юм байдаг шүү гээд монголчуудад харуулмаар байна.

-Японд ахмадын өдөр өнжүүлэх сайн хөгжсөн нь ойлгомжтой байх?

-Тэгэлгүй яах вэ. Японд өдөр өнжүүлэх үйлчилгээ 70-90 насны хүмүүсийг хүлээж авдаг. Өдөр өнжүүлэх төв нь дотроо олон төрөл байдаг. Тиймээс ахмад настнууд өөрт тохирсон төвөө сонгож үйлчлүүлдэг. Гол үйлчилгээ нь усанд орох. 

Нас яваад ирэхээр өөрсдөө усанд орж чадахгүй, өдөр тутмынхаа амьдралыг жигд явуулж чадахаа байдаг. Тиймээс гол нь усанд оруулах нь их чухал байдаг л даа. Монголд ч гэсэн манай компаниас гадна өөр компаниуд ийм өдөр өнжүүлэх төв ажиллуулж үйлчлүүлэгчид маань өөрсдийнхөө сонгосон төвөөрөө үйлчлүүлэх боломж нээгдээсэй гэж хүсэж байна.

Зураг