Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизийн парламент экс ерөнхийлөгчийнхөө халдашгүй байдлыг цуцлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Киргизийн парламент тус улсын ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын халдашгүй байдлыг цуцлах асуудлаар санал хурааж дэмжжээ.

Парламентын гишүүд 100:5 харьцаагаар шийдвэрийг дэмжсэн байна. Атамбаев нь 2017 оны сүүлч хүртэл зургаан жил Киргизистаны ерөнхийлөгчийн албыг хашсан юм.

Тэрээр өөрийнх нь засаглалын үед ерөнхий сайд байсан Сооронбай Жээнбековт ерөнхийлөгчийн суудлаа амжилттай уламжлуулж байв. Гэвч Атамбаевын бодлого, үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж найдаж байсан Жээнбеков даруй экс ерөнхийлөгчийн эсрэг тэмцэх болжээ.

Парламентаас байгуулсан түр хороо саяхан Атамбаевыг авлига, албан тушаалын нийт зургаан хэрэгт буруутай гэж дүгнээд халдашгүй байдлыг нь цуцлах санал гаргасан юм.

Энэ санаачилгын үр дүнд өчигдрийн санал хураалтыг зохион байгуулжээ.

Одоо хоёр долоо хоногийн дотор Атамбаевын халдашгүй эрх цуцлагдана гэж Киргизийн хууль тогтоогч мэдээлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд Жээнбековын засгийн газар экс ерөнхийлөгчийн тойрон хүрээлэгчдийг баривчлан шалгаж эхлээд байгаа. 

Энэ сарын эхээр Атамбаевын хууль эрх зүйн шинэчлэлийг ахалж байсан Манасбек Арабаев авлигын хэргээр баривчлагдсан.

Мөн Атамбаевын үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Сапар Исаков, Жанторо Сатыбалдиев нар авлигын хэрэгт буруутгагдаж, яллагдаад байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty