Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Иранд агаарын цохилт хийх тушаал өгсөн Трамп эцсийн мөчид төлөвлөгөөгөө цуцалжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын тагнуулын дроныг Ираны хувьсгалт гвардынхан пуужингаар харваж унагасны дараа Дональд Трамп хариу цохилт өгөх тушаал өгөөд байсныг Нью Йорк Таймс сонин өөрийн эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Персийн булан дахь АНУ-ын тэнгисийн хөлгүүд байрлалаа эзэлж, нисэх онгоцнууд агаарт хөөрсөн ч эцсийн мөчид тушаал цуцлагдсан гэнэ.

Пүрэв гарагийн үдэш Пентагоны генералууд, үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд, конгрессийн дарга нар Цагаан ордонд цуглаад байжээ.

Чухам ямар шалтгаанаар агаарын цохилтын төлөвлөгөөг цуцалсан, бас төлөвлөгөөг дахин хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Ираны радарууд, пуужингийн баазуудад агаарын цохилт өгөхөөр төлөвлөөд байжээ.

Өчигдөр орой Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа дууны өнгөө зөөлрүүлэн“дроны цохилтыг Тегераны зөвшөөрөлгүй хэн нэг дураараа офицер гүйцэтгэсэн байж магадгүй” гэж ярьсан юм.

Тэрээр бас дронд хүн тээвэрлэж яваагүй тул энэ явдлыг хүндрүүлж үзэх шалтгаан байхгүй гэж ярьжээ. Үнэхээр өчигдөр унасан дрон нь нисгэгчгүй, автомат жолоодлоготой, 18,000 метр хүртэл өндөрт нисдэг, тагнуулын зориулалттай техник байсан юм.

Өчигдөр АНУ-ын холбооны нислэгийг удирдах газар FAA түгшүүртэй байгаа бүс нутагт буюу Персийн булан, Оманы булангийн дээгүүр нисэхгүй байхыг Америкийн иргэний нислэгийн компаниудад тушаасан байна.

Пүрэв гарагийн орой АНУ-ын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси “сөргөлдөөнийг бууруулах бүх арга хэмжээг авах хэрэгтэй”-г Трампын засаг захиргаанд сануулсан бол Сенат дахь Ардчилсан Намын бүлгийн тэргүүн Чак Шумер ерөнхийлөгчийг дайн эхлүүлэх алхам хийхээс болгоомжилж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian