Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Вьетнам кузов засварын зарим газар зөвшөөрөлгүй, татварын байгууллагад бүртгэлгүй зөрчил түгээмэл илэрлээ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хэрэглэгчийн өргөдөл гомдлыг дагуу энэ сарын 17-ны өдрийн №1/18 тоот удирдамжийг үндэслэн нийслэлийн таван авто үйлчилгээний байгууллагад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт хийжээ. Тус шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Бид авто үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага дээр болон тэдний үйл ажиллагааг хариуцдаг зөвшөөрөл олгодог мэргэжлийн байгууллагууд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж байгаа эсэх дээр шалгалт хийсэн.

Шалгалтаар авто үйлчилгээний газрууд хэрэглэгчийн засвар үйлчилгээтэй холбоотой гомдлыг бүртгэдэггүй, шийдвэрлэх талаар дотооддоо тогтоосон журам байхгүй, вьетнам кузов засварын зарим газар нийслэлийн тээврийн газар, дүүргийн үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулдаг, татварын байгууллагад бүртгэлгүй байгаа зөрчил түгээмэл илэрсэн.

Мөн авто үйлчилгээний газрууд хэрэглэгчээс тээврийн хэрэгслийг хэдийд хүлээж авсан, хүлээлгэн өгсөн, ямар төрлийн засвар үйлчилгээ авсныг бүртгэдэггүй, засварчид мэргэжлийн үнэмлэхээ ажлын байран дээрээ хэрэглэдэггүй байсан учир тухайн хүн мэргэжлийн хүн эсэх нь тодорхойгүй байдал үүсгэж байна. Эдгээр нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

Харин төрийн байгууллагуудын хувьд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага нийслэлийн хэмжээнд авто үйлчилгээний газруудад 2014 оноос хойш хяналт шалгалт хийгээгүй. 

Авто тээврийн үндэсний төв нь Нийслэлийн нийтийн тээврийн газартай уялдаагүй, зөвхөн орон нутгийн авто үйлчилгээний газруудад зөвшөөрөл олгох байдлаар үйл ажиллагаагаа хязгаарладаг.

Нийслэлийн нийтийн тээврийн газар авто үйлчилгээний талаар нэгдсэн мэдээллийн сангүй байна.

Тиймээс авто үйлчилгээнд тавих хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгох, иргэдийг хохирсны дараа биш урьдчилан сэргийлэх ажлыг төрийн байгууллагууд уялдаа холбоогоо ханган ажиллах шаардлагатай байна” гэсэн мэдээлэл өглөө.

2017 оны мэдээ баримтаас үзэхэд орон нутгийн хэмжээнд авто үйлчилгээ эрхэлдэг нийт 454 газар байна гэсэн тоон үзүүлэлт байдаг аж.