Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Philips 250 Mbps хурдаар дата дамжуулдаг чийдэнг танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хуучин Philips Lighting нэртэй байсан Signify компани Hue брэндийн ухаалаг гэрэлтүүлэг үйлдвэрлэдэг.

Тэгвэл тус компани өчигдөр Li-Fi технологийн Truelifi бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Энэ нь радио долгионы оронд гэрлийн урсгалаар дата дамжуулдаг чийдэн буюу гэрэлтүүлэг юм.

Нэг өрөөнд байгаа хүмүүс чийдэнгийн гэрлээр 150 Mbps хүртэл хурдтай интернэтэд холбогдож чадна. Мөн нэг өрөөнд олон цэгийг биш, зөвхөн хоёр цэгийг 250 Mbps хүртэл хурдаар холбож чадах юм байна.

Li-Fi технологитой чийдэнг худалдан авч болохоос гадна одоогийн чийдэнгээ Li-Fi болгох дамжуулагчийг Signify зах зээлд гаргаж байгаа гэнэ.

Эхний ээлжинд тус компани Truelifi бүтээгдэхүүнээ оффис, эмнэлэг зэрэг газруудад зориулахаар төлөвлөжээ. Учир нь гэрлийн урсгал маш олон хүнд зэрэг хүрэх давуу талтай тул нийтийн эзэмшлийн газруудад гэрийн хэрэглээнээс илүү ач холбогдолтой байх юм байна.

Li-Fi технологийн талаар олон жил ярьж, туршиж байгаа ч эцсийн бүтээгдэхүүн гараагүй, эсвэл өргөн хүрээг хамарч чадахгүй байгаа. Li-Fi-д холбогдохын тулд компьютер, гар утаснуудад хүлээн авагч залгах хэрэгтэй болдог.

Бас сүүдэртэй газарт холболт нь тасрах эрсдэлтэй. Truelifi бүтээгдэхүүний хувьд компьютерт USB түлхүүр залгаснаар холбогдох боломжтой болох гэнэ.

Дата дамжуулахад радио долгион ашигласнаас гэрлийн урсгал ашиглах нь зарим давуу талтай. Жишээ нь маш олон радио долгион давхцсан орчинд холболт тасрах эрсдэлтэй байдаг. Бас эмнэлэгт рентген, MRI, томограф зэрэг дүрс оношилгооны төхөөрөмжүүдийн орчимд радио долгион тасалдах тохиолдол байдаг бол гэрлээр дамжуулахад ийм асуудал гарахгүй юм.

 

Эх сурвалж: The Verge