Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Дэмбэрэл: Ирэх жилүүдэд хормойгоо нөхөх бодлого хэрэгжих гээд байна

Д.Мягмардорж
2019 оны 6 сарын 21
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Энэ оны эхний таван сарын байдлаар улсын инфляц 7.9 хувьтай гарсан ч Улаанбаатар хотын хэмжээнд 8.8 хувьтай гарлаа. Улмаар “Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах ёстой Төв банк ажлаа хийж чадахгүй байна” гэдэг шүүмжлэл гарч байна.

Инфляцын өсөлтөд нөлөөлсөн зүйл нь болохоор газрын тосны дэлхийн зах зээлийн ханш дагасан шатахууны үнэ, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан махны үнийн огцом өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа.  Тэгэхээр инфляц өссөн цаад шалтгаан нь Монгол банкны мэдлээс хальсан асуудал болж хувирлаа гэж ойлгож болох уу?

-Инфляц гэдэг ганцхан Монгол банкинд хариуцуулсан ажил биш шүү дээ. Төсвийн алдагдал их байх нь ч инфляцыг өсгөдөг. Төлбөрийн баланс, үүний дотор урсгал баланс, улсын өр бүгд хоорондоо холбоотой. Инфляцын өсөлтөд бүгд нөлөөлдөг. Тийм учраас жил бүрийн улсын төсвийг УИХ-аар хэлэлцэх үеэр төсвийн төсөл дээр “Төсвийнхөө алдагдлыг багасгаа” гэдэг чинь Төв банкнаас инфляцыг тогтвортой байлгахад анхаарч хэлж байгаа мессеж шүү дээ.

Үүнийг л буурьтай суурьтай хүлээж авах хэрэгтэй байгаа юм. Инфляц, валютын ханш хоёр хоорондоо салшгүй холбоотой. Валютын ханш чинь гадаад өртэй холбоотой.

Төсвийн алдагдал нь гадаад өрийг нэмэгдүүлж, өрийн хуримтлал үүсгэж бай-даг. Төсөв нь ДНБ-тэйгээ харьцуулахад бага алдагдалтай байж чадвал улсын өрийн удирдлага сайжирна. Улсын өрийн удирдлага сайжирвал, эдийн засгийн тогтвортой байдалд сайнаар нөлөөлнө.

Эдийн засгийн болон улс төрийн тогтвортой байдал хангагдвал инфляц тогтвортой байх суурь бүрддэг. Нөгөө талаас түгээмэл буруу ойлголтууд байдгийн нэг нь Төв банк дангаараа ханшийг хариуцдаг гэх ойлголт. Гэтэл Төв банк ханшийн зах зээл дээр үүсэх хэт их хэлбэлзлээс сэргийлэх зорилгоор Туулын мөсийг долоох шахам байж цуглуулсан хэдэн валютын нөөцөөрөө оролцдог л этгээд шүү дээ.

Улс төрчдийн зүгээс иргэдийн ханшийн хүлээлтийг өдөөсөн аливаа мэдэгдэл хийх нь эдийн засагтаа эрсдэл дагуулдаг. Т эр дундаа УИХ дээр ханшийг барь гээд боломжгүйн гурвалжин болго гэдэг нь өөрөө инфляцыг хөөрөгддөг.

Үүнийг эдийн засагт юу гэж хэлдэг вэ гэхээр валютын ханшийн шилжих үр нөлөө гэдэг. Энэ нь юугаар илэрдэг вэ гэхээр импортоор илэрдэг. Ханшийн өсөлт импортын бараа бүтээгдэхүүний сагсаар дамжаад инфляцад өсөхөд нөлөөлж байна гэсэн үг.

Тэгэхээр инфляцыг онилох буюу төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэдэг маань угтаа бол ханш, төгрөг гэсэн үг биш юм. Төгрөгийн тогтвортой байдлыг хангаад байвал ханшийн нөлөө бага байна гэсэн үг.

Анхдагч гол зорилт нь инфляцыг нэг оронтой тоонд буюу нам дор түвшинд барих юм. Туслах зорилт нь валютын зах дээр хэт хэлбэлзэл үүсэхгүй байх бодитой болон субьектив шалтгаануудыг арилгахад Монгол банк анхаарч ажиллах ёстой. Энэ их чухал юм шүү.

 Иргэд, тэр тусмаа зарим Засгийн газар, УИХ-ын гишүүд ханшийг Монгол банк хариуцдаг гэсэн маш буруу ойлголттой яваад байна. Гэтэл ханшийг бид бүгд хариуцдаг. Бид ам.долларыг үйлдвэрлэдэггүй, хэрэглэдэг улс. Дэлхий дээр ам.доллар үнэд орвол төгрөгийн ханш суларна. Энэ бол хамгийн суурь нөлөө.

-Ам.долларын ханшийг бууруулахын тулд манай эдийн засагт хангалттай ам.доллар эргэлдэж байх ёстой. Гэвч экспортын орлогоо өсгөж, импортын хэрэгцээгээ дотоодоосоо хангах боломж хомс байна. Уул уурхайн экспортын орлого сэргэсэн өнөө үед ам.долларын орох урсгал нэмэгдэж байгаа ч эсрэгээрээ импортоо бас дэмжиж байгаа. Энэ үед Монгол Улс валютын нөөцөө хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Манай экспортын орлого буураад, валютын хамаг нөөцөө улс төрийн шахалтын дор ханш тогтворжуулахад зарцуулаад байвал байдал улам л дорддог. Гадаад өрийн дарамт нэмэгдэх гурван жил биднийг хүлээж байна. Ирэх гурван жилд валютын ханшийн асуудал дээр их онцгой анхаарах хэрэгтэй.

Дотооддоо хөөс бий болгож иргэдийн төгрөгөөс зугтах сэтгэл зүйн дайралтыг улс төрөөс хийхгүй байх хэрэгтэй байгаа юм. Ханш өөрөө дотоод зах зээлийн мэдээлэл дээр их эмзэг. Инфляцыг нам дор түвшинд барина гэдэг нь угтаа бол ханшийн нөлөөллийг багасгаж байна гэсэн үг. Дотоод талаасаа инфляцад өндөр нөлөө үзүүлдэг бараа бүтээгдэхүүнүүд байдаг.

Махны үнийг аваад үзье. Махны үнийг Төв банк барихгүй биз дээ. Засгийн газар ч барьж чадахгүй. Нөөцийн махаа л бэлдчих. Төв банк бол махны үнэ яагаад өсөөд байгааг л судалдаг институц.

Энэ оны эхний улирлын эдийн засгийн тойм дээр махны үнэ өссөн цаад шалтгааныг нь бичсэн байгаа. Малчин өрхүүдийн дунд олон жилийн турш явж ирсэн хөрөнгө орлогын тэгш бус байдлын үйл явц нь махны үнэ углуургаараа нэмэгдэх шалтгаан болж байна гэсэн утгатай байсан. Түүнээс биш махны үнийг бүрдүүлж байгаа хэсэгт ченжүүд үнэ нэмээд байгаа юм биш.

Хамгийн чухал цаад шалтгааныг нь малчдын хөрөнгө орлогын тэгш бус байдал. Энэ шалтгаанаар цаашдаа махны үнэ өсөж, инфляцад нөлөөлнө гэж тайлбарлаж байгаа хэрэг. Үүнээс гадна шатахуун түлшний асуудал байна. Мөн л Монгол банкны мэдэх асуудал биш. Гэтэл зарим тохиолдолд импортын хилийн үнэ буурч байхад Онцгой албан татвараа нэмэгдүүлж, үнийн өсөлтөд нөлөөлчихдөг.

Тэгэхээр инфляцыг нэмэгдэх, эсвэл тогтвортой байхад Засгийн газар, айл өрхүүдийн хэрэглээ хамгийн их үр нөлөөтэй. Түрүүнд хэлсэнчлэн төсвийн алдагдлаа бага байлгах, болж өгвөл алдагдалгүй байлгах хэрэгтэй. Энэ оны төсөв, 2020-2022 оны төсөөллийг харахад, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ буурч байгаа мэт харагдаж байгаа.Гэвч 2019 он гэдэг бол сонгуулийн өмнөх жил. 2020 он сонгуулийн жил болно.

Сонгуулийн оршил буюу сонгуулийн циклийг яг л давтсан төсөв баталсан. Хэдийгээр ДНБ-ий 5.6 хувь гэдэг үзүүлэлт төсвийн тогтвортой байдлын шаардлагууд, өрийн тогтвортой байдлыг тоон утгаараа хангаж байгаа ч цаад агуулгаараа хангахгүй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2021 оноос төлөх их хэмжээний гадаад өрийн бэлтгэлээ энэ жилээс базаах ёстой болохоос цагийг нь тулгах ёсгүй. Өрөө төлөх бэлтгэл хийгээгүйн шинж нь төсвийг хасах 5.6 хувиар баталсан явдал. Энэ тохиолдолд мөнгөний бодлого инфляцыг барихын тулд хэрхэх вэ гэдэг асуудал гарч ирсэн.

-Эдийн засагч Ч.Хашчулуун мөнгөний бодлого зөөлөрвөл, одоогийн ололт амжилтаа устгах эрсдэлтэй гэж үзэж байгаа. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Зарим нь улам бүр хатууруулах ёстой гэж байгаа. Монгол Улсын эдийн засгийн байдлыг харахад, мөнгөний бодлогыг хатууруулах нөхцөл ажиглагдахгүй байна.

 Шаардлага ч байхгүй гэж бодож байна. Харин бизнесийн идэвхжилийг нэмэгдүүлэх дохио байдлаар 0.25 хувиар сулруулж болно. Мөнгөний бодлого шууд хэрэгждэг зүйл биш шүүдээ. Эдийн засгийн сувгуудаар дамжина. Тэр дотроо муу, сайн ажилладаг суваг байна.

Монгол Улсын хувьд импортоос хамааралтай учраас ханшийн суваг л их сайн ажилладаг юм шиг. Нөгөө талаар мөнгөний бодлогыг Монгол банкны шийдвэр мэтээр ойлгодог.

Тийм биш. УИХ-аас баталсан бие даасан, хараат бус гишүүдээс бүрддэг хороо шийдвэрлэдэг асуудал. Иймэрхүү мөнгөний бодлого, инфляцын энгийн ойлголтуудыг иргэддээ ойлгуулж чадвал мөнгөний бодлогыг хүлээж авах хүлээлтийг удирдахад хялбар болно. Инфляц, ханшийн өсөлт болохоор л Монгол банк гээд ярьж эхэлдэг нь боловсролын түвшин дээр дооргүй муу байгаагийн шинж.

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд инфляц харьцангуй тогтвортой нам дор түвшинд байлаа. Цаашид энэ байдал хадгалагдана гэж харж байна уу?

-Инфляц өөрөө эдийн засгийн мөчлөгийг дагаж хэлбэлздэг. Өнгөрсөн арван жилийн түүхийг яривал, дэлхийн том хямрал болж өнгөрлөө. Тэр үед инфляц ямар түвшинд хүрсэн билээ. Улмаар 2014, 2015 онд манай төсвийн болон мөнгөний бодлого яаж явсан. Энэ бүхэн чинь инфляцыг тодорхойлох макро орчин. Нөгөө талаараа эдийн засаг, бизнесийн эрх чөлөө инфляцыг тодорхойлоход маш чухал үүрэгтэй.

Бид эрүүл өрсөлдөөний орчныг бараа, үйлчилгээний зах зээл дээр бий болгосон. Гэвч төрөөс олон төрлийн зохицуулалт, хяналт тавьснаар хүнд суртал авлигыг үүрийг бэлдсэн. Иймд авлигын индекс ч инфляцтай холбоотой. Авлигын өртөг нэмэгдээд байвал инфляц дагаад өсдөг.

Инфляц өсөөд байна гэдэг нь татаас өсөж буйтай холбоотой. Албан ёсны биш боловч иймэрхүү макро бодлоготой зөрчилдсөн олон зохицуулалт бий. Тиймээс бизнес эрхлэх орчингоо цэвэрлэх хэрэгтэй.

Монгол банкнаас хийсэн бүх судалгаагаар бизнесийн орчныг цэвэрлэж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бий болгох хэрэгтэй гэж гарсан. Үүнийг хийхэд мөнгө шаардлагагүй. Хүсэл зориг шаардлагатай. УИХ, Засгийн газрын хүсэл зориг шаардлагатай.

Саяхан УИХ дээр Зөвшөөрлийн тухай хууль яригдаж байгаад Үндсэн хуулийн өөрчлөлтөд дарагдах шиг боллоо. Өнгөрсөн УИХ дээр ч төрөөс олгож буй зөвшөөрлийн тоог цөөлөх асуудлыг ярьж байсан. Сүүлийн үед нэг хандлага ажиглагдаад байгаа нь төрийн хэт их оролцоо. Энэ мөнгөний бодлогод маш хортой. Төр одоо хүрз бариад нүүрс ухаж байгаа шүү дээ.

Түүн дээрээ нэмж дэд бүтэц байгуулах гэх мэтээр төр гэж их ярьдаг болсон байна. Төрийн хэт өндөр оролцоо мөнгөний бодлогод эергээр нөлөөлж байсан түүх дэлхийд байхгүй. Мөнгөний бодлого өөрөө зах зээлийн өрсөлдөөнд орчин шаардаж байдаг.

Түүнээс биш төрийн оролцоогоор гажуудсан орчин шаарддаггүй. Тийм учраас Төв банкны тухай хуулийн гучдугаар зүйлд “Төв банк Засгийн газар болон Санхүүгийн зохицуулах хороотой харилцахдаа харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна” гээд биччихсэн байгаа.

-Яг юуг харилцан ойлголцол гээд байгаа юм бэ?

-Төсвийн алдагдал, мөнгөний нийлүүлэлт, санхүүгийн бодлого, дотоод гадаад өрийн удирдлага, бизнесийн ерөнхий орчин, эдийн засгийн өсөлт гэх мэт бүх асуудлаар зөвлөлдөж, харилцан ойлголцож болно. Харилцан бие биеэ хүндэтгэж ажиллахыг хуулиар заагаад өгчихсөн. Энэ тал дээр Засгийн газар маш хойрго байгаа.

Миний мэдэхээр Төв банкнаас төсвийн алдагдлаа багасга гэхээр бууруулсан тохиолдол лав байхгүй. Монгол Улсын нийт өр 29 тэрбум төгрөг болсон байна гэхэд энэ оны төсвийг хасах 5.6 хувиар баталсан. Энэ чинь өрийн хуримтлалаа өсгөх, дахин зээл авч санхүүжилт хийх бодлого. Төсвийн алдагдал өрийн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт ордог.

Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх бодлого ирэх жилүүдэд явах гээд байна шүү. Монгол банкны ерөнхийлөгч 2030 он хүртэлх өрийн стратегийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Би тэр ажлын хэсэгт орсон.

-Та тэр стратегид юуг тусгана гэж бодож байгаа вэ?

-Дахиад хөнгөлөлттэй зээл авъя. Том том бүтээн байгуулалт хийе гэж бичих юм уу. Тэгвэл тийм ажлын хэсэг байгуулах шаардлага ч байхгүй. Орчин үеийн өрийн удирдлага яаж явдаг. Бүтээн байгуулалт, мега төслүүд түүнд ямар үүрэг гүйцэтгэх юм. Эцсийн эцэст Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр хэрэгтэй юу, үгүй юу. Зүүн Өмнөд Азид хэрэгжсэн “Цагаан заан” төсөл болчих юм биш биз. Энэ бүх зүйлд нухацтай хандах ёстой.

Дээр нь өнөөгийн өрийн түвшин хэд билээ. Энэ нь ямар эрсдэл үүсгэх, эдийн засгийн өсөлт, инфляц, ханшид хэрхэн нөлөөлөх вэ. 2020-2022 онд эдийн засаг 6-7 хувиар өсөх үү.

Дэлхийн эдийн засаг буурах циклдээ ирчхээд байна. Тэр нь Монгол Улсад яаж нөлөөлөх юм. Худалдаа дайн ч шатлан өргөжөөд худалдааны байтугай дайн болох гээд байна. Монгол бол түүхий эд экспортолдог улс. Цаашдын төлөв нь ямар байх юм. Ядуурлын түвшин тэг хувь, дундаж давхарга 70-80 хувийг бүрдүүлж чадах уу, 11 жилийн дотор. Ийм хугацаанд болохгүй гэдэг нь ойлгомжтой байгаа юм биш үү.

-Тэгэхээр өрийн удирдлагыг яаж хийх ёстой вэ?

-Сангийн яамнаас боловсруулж, УИХ-д оруулсан Өрийн дунд хугацааны удирдлагын баримт бичиг гэдгийг үзлээ. Дөрвөн хувилбар, 16 стратегитай. Ерөнхийдөө базаад хэлэхэд, Засгийн газар дотоод үнэт цаас гаргаж эхлэх юм байна. Төсвийн алдагдлаа үе шаттай бууруулна. Гэхдээ алдагдалтай хэвээр байна. Үүн дээр олон улсын байгууллагууд хэрэг болно.

Дэлхийн аргачлалын дагуу энэ удаагийн стратегийг боловсруулсан байна л даа. Эдийн засаг жилд дунджаар зургаан хувьд өснө, инфляц найман хувьтай байна, ханш 4-5 хувь суларна гэсэн байна. Сүүлийн 18 орчим жил ханш 4-5 хувьтай суларсан. Гэтэл ханшийн түүхэн хөдөлгөөнүүд эдийн засгийн циклээс хамаарч байгаа шүү дээ. Ялангуяа, 2009 оноос хойш нэрлэсэн ханш жилд дунджаар 7.2-7.3 хувь суларсан байдаг.

Тиймээс ирэх дөрвөн 4-5 хувиар суларна гэвэл, сайхан л байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн дунджаар тооцож болохгүй. Ийм их хэмжээний өр байна гэдэг бол өөрөө ханшийн эрсдэл. Манай нийт өрийн 60 гаруй хувь нь ам.долларынх байгаа. Ам.долларын ханш гэдэг зүйл биднээс хамаардаггүй. Хэрэв ханш 10 хувь суларвал яах вэ. Тэгээд л нөгөө сайхан үзүүлэлтүүд унаад өгнө. Энэ хооронд мөнгөний бодлогын бие даасан байдал алдагдвал яах вэ.

Дараагийн гарч ирэх УИХ-д Төв банкийг илүү их шахдаг хүмүүс гараад ирчихвэл яах уу. Энэ мэтийн биднээс хамаарах болон биднээс хамаарахгүй эрсдэлүүд байна. Одоо төсвийн алдагдлаа өндөр баталчихсан “хариуцлагатай” улсууд шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн макро бодлогодоо хариуцлагатай хандах засаглал хэрэгтэй байна.

-Таны зүгээс тэр засаглалыг яавал бий болгож чадна гэж харж байна?

-Энэ өрийн удирдлагад хамгийн түрүүнд засаглалын асуудал яригддаг. Улс орнуудыг засаглалынх нь чанараар дээд, дунд, доод гэж гурав ангилж байна. Манай дундаас доогуур, доодхоос дээгүүр чансаанд явж байгаа.

Засаглалын чанараа сайжруулахгүй бол дан ганц тоо бодоод явахгүй гэсэн үг. Засаглал сайжирч байгааг тогтоодог хамгийн гол үзүүлэлт бол миний түрүү нь хэлсэн цэвэр бизнесийн орон зай. Авлига, хүнд суртал буурсан, төрийн хэт их зантгар бүтэц цомхон болсон. Хууль шүүх нь бие даасан хуулиар засагладаг улс болохгүй бол засаглалын чанар муу хэвээрээ л байна.

 Энэ тохиолдолд эдийн засаг, түүний дотор өрийн удирдлагын асуудал маш эвгүй үр дүн буюу дампууралд хүргэдэг. Энэ талаасаа сайн бодох ёстой. Монгол банкны ажлын хэсэг үүнд анхаарах ёстой. Ямар Сангийн яамтай тоогоор уралдах гэж байгаа биш.

-Манайд хамгийн түгээмэл тохиолдолд эдийн засгаа улстөржүүлдгийн гор юм уу даа?

-Уг нь зөв утгаараа бол улстөржүүлэх гэдэг чинь их гоё үг байгаа юм. Тооцоо судалгаатай эдийн засгийн шийдвэр, улс төрийн зөв мэргэн бодлоготой хоршсон нөхцөлд улс төрийн эдийн засаг болдог. Бодит амьдрал ийм л байдаг.

Мөнгөний бодлогоо УИХ-д өргөн бариад, төсвөө оруулахад бүтээлч зөв шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Түүнээс биш “ханшаа барь” гэдэг бол буруу улстөржилт.

Зураг