Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Иран улс МАШ ТОМ АЛДАА хийлээ!

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө Иран улс өөрийнхөө агаарын орон зайд нэвтэрсэн АНУ-ын армийн дроныг буудаж унагасан тухай мэдээлж, Пентагон энэ мэдээллийг баталсан билээ.

Гэхдээ АНУ-ын тал дроныг Ираны хил дотор бус, олон улсын агаарын орон зайд нисэж явсан гэж тайлбарласан юм.

Уг мэдээллийг тарсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Иран улс маш том алдаа хийлээ!” гэж бичсэн байна.

Сүүлд тэр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа “Хийсэн алдааныхаа төлөө энэ улс зүгээр өнгөрөхгүй. Би үүнийг баталж байна” гэж ярьжээ. АНУ-Ираны хооронд дайн дэгдэж болзошгүй гэсэн айдас нэмэгдэж, Пүрэв гарагийн орой зах зээлд түүхий газрын тосны үнэ зургаа гаруй хувиар нэмэгдсэн юм.

Энэ өсөлтийн дараа Трампын байр суурь зөөлөрсөн шинж ажиглагджээ. Тэрээр ярихдаа “Үүнийг санаатай үйлдэл гэдэгт итгэхэд бэрх байна. Хэн нэг бодлогогүй этгээдийн хийсэн тэнэг үйлдэл байж болох юм” гэсэн байна.

Трампын хэлсэн туйлбаргүй үгс Вашингтоны дараагийн алхмыг таахад хэцүү болгож байгаа юм. 

Харин энэ үед Ираны талын байр суурь тодорхой байлаа.

Өчигдөр орой тус улсын гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф унагасан дроны хэсгүүдийг Иран улс өөрийн хил дотрох уснаас гаргасан бөгөөд баримтуудыг НҮБ-д танилцуулахаа мэдэгджээ.

Тэрээр “Бид дайныг хүсэхгүй. Гэхдээ өөрийн газар, агаар, усыг амиараа хамгаалах болно” гэж ярьсан байна.

Харин Пентагон өөрийн дроныг Ираны хилээс 34 км-ийн зайд олон улсын агаарын орон зайд нисэх үедээ газар-агаар ангиллын пуужинд оногдсон гэж тайлбарлаж байгаа.

Жавад Зариф АНУ-ын дрон өөрийнх нь хил дотор байсныг батлах баримтуудыг өчигдөр бас дэлгэжээ.

Иран улс НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нарт хаягласан захидалдаа АНУ-ыг өөрийнх нь газар нутагт халдаж, өдөөн хатгасан хэмээн буруутгасан байна.

Вашингтоны байр суурийг Ойрх Дорнод дахь холбоотнууд нь болох Израйль, Саудын Арабын засгийн газрууд дэмжсэн мэдэгдэл хийгээд байгаа. Харин Ираны холбоотон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ явдлын дараа АНУ-ын арми хариу цохилт өгвөл “бүс нутагт гамшиг нүүрлэнэ” гэж анхааруулжээ.

Ийнхүү АНУ, Ираны сөргөлдөөн шинэ аюултай түвшинд хүрээд байна.

 

Эх сурвалж: AFP