Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Хариуцлагаар нэгд” аян эхэллээ

ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/-ийн санаачилгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг эхлүүллээ.

Энэхүү санаачилгын зорилго нь Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлэх аргачлалын хүрээнд талууд хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг дэмжих, нэвтрүүлэх юм. Мөн сайн жишгүүдийг уул уурхайн салбарт  даган мөрдөж, бодитой төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллана.

 Аяны нээлтийн ажиллагаа өнөөдөр /2019.06.20/ болж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, МУУҮА-ийн Ерөнхийлөгч Т.Гантөмөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Аспайр Майнинг” ХХК, “Багануур” ХК, “Саусгоби сэндс” ХХК, “Оюу толгой” ХХК, “Терра Энержи” ХХК, “Энержи Ресурс” ХХК-ийн удирдлагууд оролцлоо. 

 
 
 
 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх асуудал бол манай яамны баримтлан ажиллаж буй гол стратеги зорилтын нэг бөгөөд Хариуцлагатай, Ил тод уул уурхайн олон улсын сайн туршлага, санаачлагыг хэрэгжүүлээд цөөнгүй жил өнгөрсөн. Энэ хугацаанд олсон амжилт байгаа боловч хариуцлагагүй, хууль дүрэм биелүүлдэггүй дутагдал манай салбарт байсаар байна.

Энэ онд гэхэд орлогын төлөө хэт хөөцөлдөж, аюулгүй ажиллагааны дүрэм, журам баримтлалгүй хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсны улмаас хэд, хэдэн ноцтой осол гарч эрдэнэт хүний амь сүйдсэнд гүнээ харамсч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарч байгаль орчныг хамгаалах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, уурхайн хаалтыг ном журмын дагуу хийдэг болох нь юу юунаас илүү чухал байна” гэлээ.

Мөн тэрбээр хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексоор тодорхойлсон Компанийн сайн засаглал ба ил тод байдал, Хөдөлмөрийн харилцаа ба хөдөлмөрлөх эрх, Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэнд, Байгаль орчны хамгаалал, Орон нутгийн хөгжил ба олон нийтинй оролцоо зэрэг 5 багц зорилт нь Монгол Улсын төрийн бодлогын зорилттой нийцэж байгааг хэлэв. Иймд энэхүү кодексийг хэрэгжүүлэх үйлсэд уул уурхайн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 16 компани нэгдэж байгаад талархалтай байгааг хэлээд цаашид уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй, хариуцлагатай, ил тод байхыг эрмэлздэг бүх компаниуд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Оролцогч компаниудын удирдлагууд санамж бичигт нэгдэж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажууллаа. Цаашид ч уул уурхайн компаниуд энэхүү санаачилгыг дэмжин, хариуцлагаар нэгдэх боломжтой юм.

 

Эх сурвалж: УУХҮЯ