Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэболд: Хар тамхитай холбоотой хэрэг зөвхөн Улаанбаатарт ч биш орон нутагт бас гарах болсон

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хар тамхины асуудлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал болоод цагдаагийн байгууллагаас 2019 оны эхний  зургаан сард энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

"Хар тамхины хэрэгт холбогдогчдын 86 хувь нь 19-35 насны залуучууд"

"2018 онд 199 гэмт хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байна. Тодруулбал,

  • Худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн 65
  • Худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан 24
  • Зохион байгуулалттай гэмт бүлэглэл нэг,
  • Олон хүн санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн 12,
  • Худалдсан 16,
  • Улсын хилээр нэвтрүүлсэн 16 /Шуудан илгээмжээр 11/
  • Тарьж ургуулсан нэг
  • Орон байраар хангасан нэг хэрэг байна.

Нийт холбогдогчийн 87.2 хувь буюу 164 нь эрэгтэй, 13.8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4.7 хувь буюу ес нь насанд хүрээгүй хүн байна.

Гэмт хэрэгт холбогдогчдын 54.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Боловсролын байдлаар нь үзвэл 67.5 хувь нь бүрэн дунд, 23.4 хувь нь дээд, 6.3 хувь нь бүрэн бус дунд, нэг хувь нь тусгай дунд боловсролтой байна.

Гадаад улсын долоон иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос ХБННУ/Нигер/ улсын дөрөв, БНСУ, Франц, Энэтхэг улсын тус бүр нэг иргэн байгаа.

Энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн Улаанбаатарт гараад байгаа юм биш. Орон нутагт ч гарах болсон. Тухайлбал, 2019 оны зургаан сарын байдлаар орон нутагт 12 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнд, Орхон аймагт долоо, Сэлэнгэ, Булган, Төв, Дорнод, Өмнөговь аймаг тус бүрд нэг гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль ёсны худалдаатай холбоотой 17 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн"

Хар тамхитай тэмцэх газар мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоохоос гадна эм, сэтгэцэд нөлөөт бодисын худалдаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг.

Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 62 эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудын үйл ажиллагаанд гэнэтийн хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад,

  • Сэтгэцэд нөлөөт бодис, эмийн орлого зарлагын бүртгэл байдаггүй, дутуу
  • Хуурамч, хүчингүй, энгийн эмийн жороор олгосон
  • Дутаасан, албан тушаалын байдлаа урвуулан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 үйлдэл илэрсэн.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэн хууль бусаар худалдаалж, хэн хуурамч жор үйлдээд байгааг цагдаагийн байгууллага нарийвчлан шалгаж байна. Мөн жорын нууцлалыг сайжруулах чиглэлээр ЭМЯ, холбогдох байгууллагуудад шаардлага, мэдэгдэл өгч, биелэлтийг хангаж ажиллана" хэмээн ярилаа.