Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнам улс Хо Ши Миний шарилыг хадгалахад туслуулахаар Оросын мэргэжилтнүүдийг урьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Орчин үеийн Вьетнам улсыг үүсгэн байгуулагч гэгддэг Хо Ши Миний занданшуулсан шарилын хадгалалтыг сайжруулах тусгай хороог тус улсын засгийн газар байгуулжээ.

Хороонд шарил занданшуулах талаар мэргэшсэн Оросын дөрвөн эрдэмтнийг урьж оролцуулсан байна. Анх 50 орчим жилийн өмнө занданшуулсан шарилыг шинэчлэн засварлах ажил ирэх сард эхлэх ажээ.

Анх Зөвлөлтийн удирдагч Владимир Лениний шарилыг 1924 онд занданшуулж байсан лабораторийн тусламжтайгаар Хятад, Умард Солонгос, Вьетнам зэрэг улсууд өөрийн их удирдагчдын шарилыг удаан хугацаанд муутгалгүй хадгалж байгаа юм.

Одоо Хо Ши Миний шарил Ханой хотын төвд Зөвлөлт Холбоот Улсын байгуулж өгсөн томоохон бунханд хадгалдаг бөгөөд жил бүр олон мянган хүн үзэж сонирхдог.

Гуравдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Ханойд уулзсан Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэхүү бунханд зочилж, цэцэг өргөж байв.

Хо Ши Мин 1969 оны есдүгээр сард нас барсан юм. 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Орос улс Вьетнамд нийлүүлдэг шарил хадгалах зориулалттай химийн бодисын төлбөрийг нэхдэг болсон гэх мэдээлэл бий.

2003 онд Вьетнамы засгийн газар өөрсдөө уг арга техникийг эзэмших хүсэлтийг Оросын талд тавьж, суралцах мэргэжилтнүүдээ Москвад илгээж байжээ.

Одоо Вьетнамын мэргэжилтнүүд шарил сэргээх ажилд дадлагажсан ч жил бүр Оросын мэргэжилтнүүдийг урьж туслуулдаг байна.

 

Эх сурвалж: Reuters